Д.Амартүвшин: Монголд хэрэгтэй санаануудыг онцолно
2017-05-10

Д.Амартүвшин: Монголын эдийн засаг, улс төрд хэрэгтэй санаануудыг онцолно

 

Мизес Монгол ТББ-ынн ТУЗ-ийн дарга Д.Амартүвшинтэй “Айн Рэнд Конференц Монгол 2017” үйл ажиллагааны талаар ярилцлаа.

 

 

Монголын уншигчид Айн Рэндийн зохиол, бүтээлүүдийг эх хэл дээрээ уншиж танилцаад арав гаруй жил өнгөрсөн байна. Таны хувьд анх хэрхэн түүний бүтээлүүдтэй танилцаж байсан түүхээс яриагаа эхэлье.

 

  • Би багаасаа л өөрийгөө олонхоос өөр үзэл бодолтой гэдгээ маш сайн мэддэг байсан. Тэр өөр байдал маань нийгэмд тогтсон олон ойлголт, зан заншил гээд олон зүйлстэй зөрчилдөж, өөрийнхөөрөө байсныхаа төлөө бусдад шүүмжлүүлж, гадуурхагдах юм байна гэдгийг ч мэддэг байсан. Заримдаа бүр өөрөө өөртэйгөө зөрчилдөөд, өөрийнхөө хүссэн зүйлийн эсрэг зүйлсийг хийх тохиолдол гардаг байсан. Энэ бүх асуулт, зөрчилдөөн маань намайг өөрийгөө таних, өөрийгөө олох аялалд хөтөлсөн гэж боддог. Их сургуулийн янз бүрийн илтгэл, лекцүүдэд их оролцож, үзэл бодлоо солилцдог болсон. Их олон төрлийн онол, үзэл баримтлал дундаас Либертари үзэл хувь хүний эрх чөлөө, үзэл бодлыг илүүд авч үздэг, мөн эдийн засаг, улс төрийн байр суурь, үндэслэлүүд нь маш бодитой, логиктой зэрэг нь өөрийн эрхгүй энэ талаар судлахад хүргэсэн. Ингэж явсаар индивидуалисм болон рациональ эгоист үзлийн талаар хамгийн логиктой, философи үндэслэл сайтай бичдэг Айн Рэнд хэмээх хүний бүтээлүүдийг уншиж эхэлсэн дээ. 

 

Та сая яриандаа дурьдлаа л даа. Эгоизм буюу аминч үзлийн талаархи үзэл баримтлал түүний бүтээлүүдэд нэвт шингэсэн байдаг. Харин монголчууд амин хувиа бодох гэдгийг сөрөг байдлаар хүлээж авах нийтлэг хандлагатай байдаг. Энэ талаар таны бодлыг сонирхох гэсэн юм.

 

  • Амин хувиа бодох гэдэг үнэндээ хүний төрөлх мөн чанар гэж боддог. Хүн бүрийн мэдрэмж, таашаал өөр, хүн бүрийн чадвар, чадавхи харилцан адилгүй, хүн бүрийн юуг сайн, юуг муу гэж үзэх үнэт зүйлийн хэмжүүр хүртэл өөр өөр байдгийн ачаар л шинэ санаа, шинэ ололтууд хаа сайгүй гарч байдаг. Хувь хүний энэ үнэт чанарыг үгүйсгэж, өөрийнхөө хүсэл зорилгыг дагаж зориглоогүй хувь хүний хувьд харамсал, сэтгэл гутралыг авдаг бол, нийгмийн хувьд бүхэл бүтэн бүтээмж өндөртэй, чадварлаг, хүсэл тэмүүлэлтэй бүхэл үеэ алдаж байдаг. Энэ талаар жишээ дурьдвал дэлхийн түүхийн бүх л алдартай хүмүүсийн талаар ярьж болох юм. Монголын либертари үзэлтэй хүмүүс нэгдээд “Айн Рэнд Конференц Монгол 2017” үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа бөгөөд бидний урилгаар Айн Рэнд институтын Гүйцэтгэх захирал Доктор Яарон Брүк хүрэлцэн ирж “Айн Рэндийн рационал эгоизм” гэх сэдвээр лекц тавих гэж байгаа. Эгоизмын талаарх таны асуултанд философи үндэслэлтэйгээр илтгэл тавьж, хэлэлцүүлэх боломж тэнд бас олдоно гэж бодож байна.

 

“Айн Рэнд Конференц Монгол 2017” үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй хуваалцаач?

 

  • Юуны түрүүн Айн Рэнд институцын талаар товчхон танилцуулах хэрэгтэй байх. Айн Рэндийн институц нь 1985 онд байгуулагдсан бөгөөд төв нь Калифорни муж улсын Ирвень хотод байрладаг. Айн Рэндийн институц нь нэр хүнд бүхий хүмүүсээс бүрдсэн Захирлуудын Зөвлөл удирддаг бөгөөд шударга ёс, өөрийгөө эрхэмлэх үзэл, хувь хүний эрх, чөлөөт эдийн засаг, капитализмыг тууштай хамгаалагч Айн Рэндийн үзэл баримтлал, зарчмыг хамгаалж, дэлгэрүүлэхийг зорин үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Бидний хувьд мөн адил Монголд Айн Рэндийн философийг хөгжүүлж, зохиол бүтээлээр нь дамжуулан түүний үзэл санааг залуучуудад танилцуулах зорилготойгоор “Айн Рэнд Конференц Монгол 2017” зохион байгуулах гэж байгаа бөгөөд урилгаар Айн Рэнд институтын гүйцэтгэх захирал Доктор Яарон Брүк хүрэлцэн ирж нэг бүтэн өдрийн лекц болон цуврал хэлэлцүүлгийг Монголд анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ бага хурлын үеэр зохион байгуулагчид болон Айн Рэндийн үзэл санааг дэмжигчдэд түүний объективизм үзэл болон чөлөөт эдийн засаг, хувь хүний ёс суртахууныг тайлбарлан таниулахаас гадна өнөөгийн Монголын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд эдгээр санаанууд хэзээ хэзээнийхээс илүүтэйгээр хэрэгтэй байгааг онцлох юм.
     

Тус конференцид ямар ямар илтгэлүүлүүд тавигдах вэ?

 

  • Дээр дурдсанчлан үндсэн илтгэгчээр Айн рэнд институтийн дарга Яарон Брүк “Айн Рэндийн рационал эгоизм” , “Капитализм бол амьдрах чадвартай эдийн засгийн ганц систем" гэх сэдвүүдээр илтгэл тавина. Яарон Брүүкийн хувьд олон улсад нэрд гарсан уран илтгэгчээр зогсохгүй, төрөл бүрийн сэдвээр түүний дотор эдийн засгийн хямралын эх сурвалж, хөрөнгөтний нийгмийн ёс суртахуун, тэгш бус байдлын талаарх хэлэлцүүлгийг хөтлөн явуулдаг. Мөн Като институтийн ТУЗ-ийн гишүүн Карл Барни “Загварт хөтлөгдсөн ирээдүйн амьдралаа төсөөл” сэдвээр сонирхолтой илтгэл тавина. МУГЖ Д.Сосорбарам “Урлаг ба Айн Рэнд” сэдвээр мөн сонирхолтой илтгэлийг тавина. Конференцийн талаархи бусад мэдээллийг Айн Рэнд Монголиа хуудаснаас авах боломжтой байгаа. Мөн та бүхнийг энэ конференцид хүрэлцэн ирж, сонирхолтой илтгэлүүдийг сонсохыг урьж байна.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Batnyam:
Er ni hun yamarch uzel sanaatai bsan gesen zaaval unshih sonsoh harah yostoi buteeluudiin neg bol yah argagui Ayn Randiin buteeluud shuu dee Delhiin songodog
2017-05-10
өвгөн:
хүн хүндээ чоно ном номлох юм биз дээ, тэнүүлч болжээ, монголоор бадарчилах гэдэг
2017-05-10