Дамжин суухад үнэгүй журам хэвийн хэрэгжиж байгаа
2017-05-12

Өглөө ажилдаа ирж яваад автобусны жолооч нарын ярилцахыг сонслоо.

 

-Өчигдөр нэг хүүхэнд “хэмхэртлээ” зодууллаа шт.

 

-Яасан

 

-Дамжин суухад үнэгүй биш байна ш дээ гээд л чимхээд байх юм.

 

-Тэгэхээр нь юу гэв?

 

-Би наад төхөөрөмжийг чинь суурьлуулсан биш дээ. “Улаанбаатар смарт” карт ХХК-д ханд л гэлээ...хэмээн ярилцав.

 

Жолоочид ч гэлтгүй иргэд  автобусанд дамжин суухад үнэгүй зорчих журам үйлчлэхгүй байгаа талаар гомдол  хэлсээр байгаа юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хоёр жилийн өмнөөс манай улс нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем, бэлэн мөнгөний хайрцгийг нэвтрүүлсэн. Харин сарын өмнөөс бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ зөвхөн картаар зорчих болсон юм.

 

“U-Money” карттай иргэд автобусанд суухдаа  болон буухдаа картаа уншуулснаар хөнгөлөлт эдлэх эрхтэй байдаг. Автобусны арын хаалганы унших төхөөрөмжинд картаа уншуулсан хугацаанаас хойш дараагийн автобусны орох хаалганы төхөөрөмжинд картаа уншуулах хүртэлх 30 минутанд хөнгөлөлт хүчинтэй. Хэрэв  30 минутаас хэтэрсэн тохиолдолд хөнгөлөлт хүчингүй болдог. Хөнгөлөлтийг нэг  удаа эдлэх эрхтэй бөгөөд гурав дахь удаагаа автобусанд суухад тухайн чиглэлийн тарифаар төлбөр төлөгдөнө. Харин  эхний сэлгэн суусан хугацаанаас хойш 4 цагийн дараа дахин хөнгөлөлт эдлэх боломжтой.

 

Гэвч иргэд энэхүү дүрэм журмыг баримтлаагүйн улмаас дамжин суухад асуудал тулгарч буй талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн маркетингийн менежер Ц.Түвшинжаргал хэлж байна. Түүнээс иргэдийн гомдолтой холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.

 

 

-Иргэд дамжин суухад үнэгүй журам үйлчлэхгүй байна гэдэг гомдол хэлж байна.

 

-Иргэд дамжин суухад үнэгүй журам үйлчлэхгүй байгаа талаар гомдол хэлж байгаа нь өөрсдийн хайхрамжгүйгээс болж дамжин суух 30 минутын хугацааг хэтрүүлэх, дөрвөн цагийн дараа дахин хөнгөлөлт эдлэх боломжтой зэргийг мартсан зэрэг шалтгаантай байж болох юм. Манай хэрэглэгчийн төвд иргэдээс энэ төрлийн гомдол ирсэн. Картын дугаараар шалгаад үзэхээр тухайн иргэн өөрөө автобусны арын хаалганы төхөөрөмжинд картаа уншуулаагүй байх эвсэл 30 минутаас хэтэрсэн байдаг. Тиймээс иргэд өөрсдөө нийтийн тээврийн журмыг мөрдөж үйлчүүлэх нь зүйтэй юм.

 

-Буухдаа картаа дарах гэхээр төхөөрөмж уншихгүй байгаа гомдлыг мөн хэлж байна. Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем доголдсон асуудал бий юу?

 

-Төлбөрийн цахим систем хэвийн ажиллаж байгаа. Доголдсон асуудал байхгүй.Тухайн иргэн автобусанд суугаад буухдаа зайлшгүй арын хаалганд байрлах төхөөрөмжид картаа уншуулснаар дамжин суухад үнэгүй эрхээ эдлэх  ёстой. Гэтэл хүүхдүүд саваагүйтээд уг төхөөрөмжийг унтраадаг, төхөөрөмжийн утас хөндийрснөөс сүлжээ унах зэрэг асуудлаас болж зорчигчийн картыг уншаагүй байх тохиолдол бий. Автобусанд байрлаж буй төхөөрөмжийн ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхэд жолооч анхаарч байх ёстой. Бидний зүгээс жолооч нарт төхөөрөмжийн ажиллагаа хэвийн байгаа эсэхийг үргэлж нягталж байхыг сануулдаг.

 

-Өдөрт хичнээн хүн дамжин суух үйлчилгээг ашигладаг судалгаа бий юу?

 

-Нийслэл хотод өдөрт 90 мянган хүн энэ үйлчилгээг ашигладаг судалгаа гарсан. Тэгэхээр дамжин суухад үнэгүй журам хэвийн хэрэгжиж байгаа. Мөн нийтийн тээврийн цахим төлбөрийн систем хэвийн үргэлжилж, нийтийн тээврийн ашиг орлого нэмэгдэж байгаа. Хэрэв иргэнд “U money” карттай холбоотой гомдол байвал хэрэглэгчийн төвд хандахыг зөвлөж байна.

 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 400 гаруй цэг иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Уг цэгүүд өглөө 06.00, орой 19.00 цагаас хойш ажиллаж, карт цэнэглэвэл хоёр хувийн урамшуулал олгох журмыг “Улаанбаатар смарт карт” ХХК-аас гаргасан.

 

Гэвч захын гэр хороолол орчмын карт цэнэглэдэг цэгүүд ажиллахгүй байгаа талаар иргэдийн гомдол ирсэн.

 

Энэ талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн маркетингийн менежер Ц.Түвшинжаргал “Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 400 гаруй карт цэнэглэх цэг хэвийн ажиллаж байгаа. Манай шалгагч нар үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхэд өдөр бүр хяналт тавьж, биечлэн очиж шалгаж байгаа. Бид шалгалтын ажиллагааг явуулж идэвхигүй ажиллаж байгаа 37 цэгийг нүүлгэн шилжүүлсэн. Иргэд “Карт цэнэглэдэг цэг чинь ажиллахгүй, цэнэглэхгүй” гээд байна гэх гомдлыг хэрэглэгчийн төвд ирүүлдэг. Иргэний гомдлын дагуу уг цэгийг шалгахад хэвийн ажиллаж байдаг. Тэгэхээр иргэд автобусны буудал дээр байрлаж буй хоёр ТҮЦ-ний карт цэнэглэдэггүйд нь орж асуугаад ажиллахгүй, цэнэглэхгүй байна гэж ойлгоод гомдол ирүүлээд байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ албан ёсны карт цэнэглэдэг цэг хэвийн үйл ажиллагаагаа явуулж байдаг юм. Тэгэхээр автобусны буудал дээр нэг л карт цэнэглэх цэг ажиллаж байгаа зэргийг иргэд ойлгох нь зүйтэй” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ДАМЖАН СУУХАД ҮҮДНИЙ ТӨХӨӨРӨМЖ НЬ АЖЛАХГҮЙ БА ЗАРИМ НЬ ХАРИН БҮР ДАХИН МӨНГӨ АВДАГ БОЛСОН ЗАРИМ НЬ УНШСАН БАЙНА ГЭЭД БАЙДАГ БОЛСОН БАЙНА ЭНЭ БАЙДЛАА ШАЛГАЖ ҮЗЭЭЧ
2017-05-12
zochin:
сайн байна уу автобусанд 2 хүн хамт карт уншуулахаар илүү уншаад байна 1500 сүүлд уншисан жолооч зүгээр байсан яасан юм бол гээд байсан эсвэл 1200 уншдаг дамжин суухаар буухад карт уншихгүй заримдаа дамжин суухад мөнгө аваад байх юмаа
2017-05-12
зочин:
сарын хугацаатай карт авсан. их дажгүй юм билээ
2017-05-12