Халамжийн мөнгийг нэмэх хэрэгтэй
2017-05-12

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаж байна. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эсэхийг шийдэж байна.

 

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусдын адил эрх тэгш сурах, боловсрох болон нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамрагдах эрхийг зааж өгсөн боловч ерөнхий боловсролын тусгай сургуулийн сурагчдын үдийн хоолны асуудал зохицуулагдаагүй орхигдсон байна.

 

Улсын хэмжээнд 6  тусгай сургуульд нийт 1574 орчим хүүхэд суралцаж байгаа аж. Эдгээр сургуулиуд нь бүгд нийслэл хотод байрладаг байна.  Хөдөө орон нутагт мэргэжлийн тусгай сургууль байдаггүй тул эцэг эхчүүд хүүхдээ сургахын тулд орон нутгаас хотод шилжин ирж хүүхдээ тусгай сургуульд суралцуулдаг юм.  Мөн тусгай сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь амьдрал ядуу, амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай нэмэлт асаргаа, сувилгаа, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах нь тэдний эрүүл мэнд, бие эрхтний хөгжлийг дэмжин, бэрхшээлийг нь даамжруулахгүй байхад чухал нөлөөтэй байдаг аж.  Иймд 2013 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэгт "Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үдийн хоолоор үйлчлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална." гэж нэмж тусгажээ.

 

Хуулийн төслийг боловсруулахдаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцэд нийцүүлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах хуулийн зохицуулалтыг тодорхой болгожээ.

 

Одоогийн байдлаар нийт ерөнхий боловсролын 6 тусгай сургуулийн 1574 сурагчийн өдрийн цайны  мөнгө  болох өдөрт 600 төгрөгөөр тооцоход нэг хичээлийн жилд 187,0 сая төгрөг бөгөөд 2015-2016 оны төсөвт тусгагдсан хэрэгжиж байсан арга хэмжээ юм. Харин уг хуулиар зохицуулагдахгүй тохиолдолд 2016-2017 оны хичээлийн жилээс эдгээр сурагчдын үдийн хоолны зардал хасагдах бөгөөд хуулийн зохицуулалтгүй болох гэнэ.

 

Улсын хэмжээнд 101 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг аж. Үүнээс 10 гаруй мянга нь хүүхэд.  Гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч ажиллах орчныг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж байлаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг:

 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэтгэвэр, тэтгэмж нь өнөөдрийн амьжиргааны түвшингээс доогуур хэмжээнд байгаа. Тиймээс цаашид халамжийг нь нэмэхдээ амьжиргааны түвшингээс дээгүүр нэмэх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн амьдралд хэнээс ч дутахгүйгээр оролцох бололцоог нь хангаж, дэд бүтцийг нь бий болгох хэрэгтэй. Орон нутагт бүү хэл Улаанбаатар хотдоо хөгжлийн бэршхээлтэй иргэн тэгш оролцож чадахгүй байна. Энгийн хүүхдүүдтэй хамт сурч боловсруулах шаардлагатай. Сурч, боловсрол нөхцөлөөр хангаснаар нийгэм, хамт олонд төлөвшүүлнэ. Аав ээж нь хүүхдээ асраад өөрсдөө ажлаа хийж чадахгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөр өөрийн онцлогт нь тааруулсан бүх нийтийн арга хэмжээнд оролцуулах шаардлагатай. Төрийн бус байгууллагуудыг чадавхижуулах, бэхжүүлэх талаас нь төрөөс онцгой анхаарах шаардлагатай байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг заавал ажилд авах хэрэгтэй гэдэг. Хуулийг өөрсдөөсөө эхэлж хэрэгжүүлэх хэрэгтэй Би лав харааны бэрхшээлтэй иргэнийг ажилд аваад байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд ЭМ-ийн болон БСШУС-ын сайд анхаарах хэрэгтэй байна. Хүүхдийг зориулалтын тоглоомоор хөдөлгөөнийг нь засах хэрэгтэй байдаг. Тиймээс энэ тоглоомуудаар нь хангаж  өгмөөр байна гэлээ. 

 

Ингээд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

 

Одоо Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
halamjiin mongiig nemeech e
2017-05-13
zochin:
Demjij bna. Sergeen zasalt tov deer xaraagui irgeniig ajild avdaggui gej suragtai bgaa. Shalgaj ogooch
2017-05-12
Зочин:
Demjij bna.
2017-05-12