Сэтгэл зүйн тулаанд “бид” ялагдлаа
2017-05-23

 

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна. Уг тэмцээнд БНСУ, БНАСАУ, Япон, Тайвань, Хонгконг, Макао, Монголын баг өрсөлдөж байгаа.

 

Монголын баг өчигдөр /2017.05.22/ хоёр дахь тоглолтод БНСУ-ын багтай учраа таарсан. Тоглолт таван үеийн турш ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн юм. Харамсалтай нь манай шигшээ баг 3:2-н харьцаатай ялагдал хүлээсэн. Эхний үеийг манай волейболчид өөрийн болгож хоёрдугаар үеийг тэр эрчээрээ хүчтэй эхлүүлсэн боловч үеийн төгсгөлийг санасандаа хүртэл тавьж чадсангүй. Энэ үеэс солонгосчууд сэргэлт авч гуравдугаар үеийг өөрийн болгож, 2:1-ээр тэргүүлж эхэлсэн. 

 

 

Тэмцээнийг зорин очсон монголчуудынхаа уухайн дунд манай залуус үеийн харьцааг 2:2 болгож шийдвэрлэх үеийн тоглолт гаргаж чадсан ч үр дүн зочдын талд байлаа. Ингээд “А” хэсгийг БНСУ тэргүүлж, Монгол удаалав. Харин нөгөө хэсгийг Япон тэргүүлж, Тайвань удаалсан.

 

Улмаар бүс бүсийн шилдэг хоёр, нийт дөрвөн баг цааш тэмцээнийг үргэлжлүүлэхээр боллоо. Энэ сарын 24-нд нугалааны тоглолтууд явагдана. Хожсон хоёр нь алтан медалын төлөө тоглох бол хожигдсон багууд хүрэл медалын төлөө хожигдох эрхгүй тоглолтод оролцох юм. Монголын баг нөгөө хэсгийн нэгдүгээр байраар гарсан Японы хүчирхэг багтай тоглох болоод байна.

 

Сонирхуулахад энэ сарын 24-нд болох тоглолтын тасалбарыг насанд хүрэгчид 10000 төгрөг, дунд сургуулийн сурагчид 5000 төгрөгөөр худалдан авах боломжтой аж. Онлайн захиалга 8000 төгрөгийн үнэ бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг volleyball.mgl хаягаар орж авах боломжтой.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
zochin:
sain togloson, oor iluu bolomj bn lee shuu huuhduud ee. Odoo yopontoi tegsh toglooroi DUUREN AMJILT
2017-05-23