Аялал жуулчлалын салбарт хамгийн их хөдөлгөөн хийгджээ
2017-05-23

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны  өнөөдрийн хуралдаанаар ТАЗ-ийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.

 

Өнөөдрийн байдлаар 180 мянга гаруй төрийн албан хаагч байгаа аж.  Өнгөрсөн хугацаанд улс төрийн албан тушаалтан нэмэгдээгүй. Харин  төрийн үйлчилгээний албаны орон тоо өсчээ. Энэ нь 24 цэцэрлэг, дөрвөн бага сургууль, таван ерөнхий боловсролын сургууль шинээр баригдаж ашиглалтад орсонтой холбоотой гэнэ. 2012 оноос хойш аялал жуулчлал, спорт, хөнгөн үйлдвэрийн салбарт хамгийн их хөдөлгөөн хийгдсэн байна.

 

Ер нь ТАЗ-өөс зарласан  хүний их эмч, малын эмч, орос, англи хэлний багш, хөдөө аж ахуйн чиглэлийн ажлын байрны сонгон шалгаруулалтад хэн ч  бүртгүүлдэггүй  байна.

 

2012 оноос хойш дөрвөн удаа жил бүр яам, агентлагийн бүтцэд өөрчлөлт орж, тэр хэрээр төрийн албанд халаа сэлгээ хийгдсэн байна. Ингэхдээ 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдан ажилласнаас хойш төрийн албаны 22235 хүн хөдөлгөөнд орсныг ТАЗ-ын дарга Б.Цогоо мэдээлэв.  Тэрбээр 2016 оны тайлангаа танилцуулсны  дараа гишүүдийн асуултад хариулсан юм.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Түр орлон гүйцэтгэгч нь эргэж ажилдаа томилогддогт ТАЗ-ийн  сонгон шалгаруулалт нөлөөлдөг. Гадаад хэл огт мэддэггүй хүн англи хэлний шалгалтад 100 оноо авсан байгаа. Шүүхээс ял авч шоронд суусан хүн төрийн албанд ажилладаг. Ямар шалгуур хангаж ажилд томилогдсон нь тодорхойгүй байна. Үүнд Төрийн албаны зөвлөл хяналт тавьж чаддаггүй уу?

 

-Түр орлон гүйцэтгэгч нар шалгалт өгөөд тэнцдэг. Тэд маш сайн бэлтгэж орж ирдэг. Өнгөрсөн хугацаанд газрын дарга нараас ганц нэг нь шалгалтад унаж байсныг эс тооцвол бусад нь тэнцдэг. Төрийн нарийн бичгийн дарга нараас шалгалтад унасан тохиолдол гараагүй. Төрийн албаны зөвлөл зарим асуудалд эрх хэмжээ нь хүрэхгүй зүйл байдаг. Зарим гомдлыг хүлээн авч, хянаад хууль зөрчсөнд нь шийдвэрээ гаргадаг. Заримыг нь  Захиргааны хэргийн шүүхэд шилжүүлдэг. Бүтцийн өөрчлөлтөөс болж, ажлын байр нь өөрчлөгдсөн үү, халагдсан уу гэдгийг  Захиргааны хэргийн шүүхээр шийдүүлэх шаардлагатай байдаг. Шат, шатны шүүх дамжаад хэлэлцэгдэхээр хугацаа их шаарддаг гээд асуудал бий.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Төрийн алба нь бараг 200 мянга шахам хүн ажилладаг. Энэ нь эргээд татвар төлөгчдийн нуруунд дарамт үүсгэдэг. Монгол шиг хүн амтай улсад хичнээн мянган хүнтэй төрийн алба байвал зохистой төвшинд байх вэ?

 

-Монгол Улсын хувьд нийт хүн амынх нь 9.1 хувь төрийн албанд ажилладаг. Дэлхийд 5 хувь байдаг. Хөдөлмөрийн чадвартай иргэнтэй харьцуулахад Монголд төрийн албан хаагчийнх нь тоо 23.9 хувь бол Японд 7.9 хувь байгаа.   

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авсан юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-05-23