Парисын “хатуу” талбай
2017-05-25

 

Удахгүй Францын нээлттэй тэмцээн болохтой холбогдуулан домогт тамирчин Мэтс Виландэр өөрийн дурсамжаасаа хуваалцсан байна. Францын нээлттэй тэмцээн нь орчин, талбай зэргээс шалтгаалаад хамгийн хэцүү гэж домогт теннисчин Мэтс Виландэр нэгэнтээ хэлсэн байдаг.

 

Вилландэрийн хувьд их дуулгын талаар хамгийн их мэдэх туршлагатай тамирчдын нэг. Зүлэг, хатуу болон шороон гэсэн гурван өөр талбайд үргэлжилдэг их дуулгын цувралд Надал,  Мэтс Виландэр хоёр л төрөл тус бүрт хоёр ба түүнээс дээш удаа түрүүлж байсан юм.

 

Виландэрийн хувьд 1982 онд буюу арван долоохон насандаа шороон талбайн хаан Гүлермо Виласыг буулган авч, Роланд Гарросын цомыг өөрийн болгож байсан нэгэн. Үүний араас түүний амжилтын цуваа Францын нээлттэй тэмцээн, Нэгдсэн улсын нээлттэй тэмцээн, Австралийн нээлттэй тэмцээн, Мелбүрний хатуу талбайн тэмцээн, болон Күүёнгийн зүлгэн талбайн аварга зэргээр үргэлжилнэ.

 

 

Орон нутгийн цагаар энэ ням гарагт эхлэх Францын нээлттэй тэмцээний талаар Вилландэр “Францын нээлттэй тэмцээнд нөхцөл байдал цаг ямагт өөрчлөгдөж байдаг. Чи яг юу гэдгийг нь ч мэдэхгүй зүйлстэй үргэлж нүүр тулах болно. Чамайг өглөө бэлтгэлээ хийж байхад бүх зүйлс сайхан байдаг ч орой нь яг тоглох болоход чинь бүх зүйл тэс өөр болсон байх нь элбэг” хэмээжээ.

 

Бороо бол теннисний спортын хувьд хамгийн том хүндрэл гэнэ. Ялангуяа мэргэжлийн теннист. Учир нь Францын нээлттэй тэмцээн болдог цэнгэлдэх нь зөвхөн тамирчдын суудаг хэсэгт л борооны хамгаалалттай юм. Харин талбайг борооноос хамгаалж зориулалтын дэвсгэрээр хучдаг. Энэ үед  бүгд бороо зогсохыг хүлээхээс өөр сонголтгүй болдог аж. Энэ талаар Виландэр “Хэмнэлээ алдах нь үнэхээр хүнд шүү. Дахиж хичнээн хичээгээд ч буцааж олоход хэцүү байдаг. Харин Францын нээлттэй тэмцээн бол их дуулгын цуврал тэмцээнээс цорын ганц дээвэргүй цэнгэлдэхэд болдог нь юм. Цаг тутамд цаг агаар, орчин нөхцөл нь солигдож байдаг гээд тодотгочиход буруудахгүй. Вимблдонд бол бага зэргийн чийглэг байхад л тоглолтыг цуцалдаг. Харин Францад бол чи зөвхөн өөрөө учрыг нь олоод л тоглох ёстой болдог. Ийм нөхцөл байдлаас болоод дэлхийн хамгийн шилдгийг тодруулахад хэцүү болж байгаа юм. Дэлхийн есөн удаагийн аварга Рафаэл Надал бол үүний хамгийн том тайлбар биз.

 

“Бөмбөгний ойлт хүртэл өөрчлөгдөнө гэдэг нь өөрийгөө бүрэн төвлөрүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэдэг. Цохиурын тортой хэсгээр цохиж байсан бол бөмбөгний ойлт өөрчлөгдсөнөөс болж ирмэгээр нь цохих ч үе байдаг шүү дээ” гэж Виландэр нэмж өгүүллээ.

 

Сонирхуулахад энэхүү хүнд талбайд зориулж, Новак Жокович өөрийн дасгалжуулагчаар Андрэ Аггасиг сонгосон талаар өчигдөр мэдээлсэн билээ.

 

Б. Энх- Амгалан 

Shuud.mn
Сонин хачин