Иргэний нисэхийнхэн баяраа тэмдэглэж байна
2017-05-25

 

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 92 жил, Иргэний нисэхийн ерөнхий газар үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярын нээлт өнөөдөр ИНЕГ-т боллоо.

 

            “Иргэний нисэхийн ерөнхий газар үүсэн байгуулагдсаны нэгэн жарны түүх бол манай улсын өргөн уудам нутаг дэвсгэрт иргэний агаарын тээврийн үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн нисгэгч, инженер техникийн  ажилчид, нислэгийн аюулгүй байдлыг хангах хүрээнд ажиллаж байсан бүх хамт олны хөдөлмөр бүтээл, бүтээлч ажлын түүх юм” гэдгийг баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн онцоллоо.

 

            Баярын нээлтэд Л.Лхагваа, М.Дагва, С.Батмөнх нарын иргэний нисэхийн салбарыг удирдаж байсан ахмадууд болон хошууч генерал С.Санжмятав, гавьяат эдийн засагч Ц.Молом, гавьяат нисгэгч С.Жанар, Д.Пүрэвдорж, үйлчилгээний гавьяат ажилтан С.Сайнцог, гавьяат тээвэрчин С.Лоосов нарын иргэний нисэхийн салбараас төрөн гарсан гавьяатууд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд ИНЕГ-ын удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

 

            Нээлтийн баярын үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг шагнаж урамшууллаа. ИНЕГ-ын даргын тушаалаар “Жуух бичиг”, мөнгөн шагналаар Аж ахуйн тасгийн инженер Ө.Дашхорол, Дотоод аудитын албаны аудитор Т.Саранчимэг, Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ч.Болдбаатар, Захиргаа, удирдлагын газрын захиргааны мэргэжилтэн Б.Гэсэрбадам, Увс аймгийн Нисэх буудлын жолооч Д.Энэбиш нарын 19, “Баярын бичиг”, мөнгөн шагналаар Хэвлэх цехийн дарга Г.Мөнхтүвшин, эх бэлтгэгч У.Булгантайшир, Аж ахуйн тасгийн жижүүр Ц.Жаргалсайхан, ГТҮА-ны захиргаа, хууль эрх зүйн мэргэжилтэн Б.Молор-Эрдэнэ нарын 52, мөн “Баярын бичиг”, мөнгөн шагналаар “МИАТ” ХК-ийн нислэгийн хэлтсийн  Б737-800 агаарын хөлгийн 2-р нисгэгч Ц.Ууганбаяр, “А-Жет Лимитед” ХХК-ийн ахлах тогооч, Нислэгийн цаг уурын төвийн чанарын менежер П.Сэржмядаг нарын 25 хүнийг шагнасныг ИНЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгч, баяр хүргэлээ.

 

            Нисэх хүчний ойн баяртай зэрэгцэн Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд болж байгаа бөгөөд 05 дугаар сарын 27-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ойн баярын нэгдсэн арга хэмжээ, Монгол Улсын аварга цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болох юм.

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин