Мессигийн араас Роналду
2017-05-26

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси Испанийн дээд шүүхээс 21 сарын хорих ял сонсоод удаагүй байхад түүнтэй эн зэрэгцэх өөр нэгэн шилдэг мөн ижил асуудалд орооцолджээ. Испанийн прокурорын газраас өчигдөр Реал Мадрид болон Португалийн шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналдуд холбогдох хэргийн материалыг татварын газарт хүргүүлснээ зарлажээ. Хуулийн байгууллага К.Роналдуд холбогдох уг хэргийг өнгөрсөн оны 12 дугаар сараар эхлэн шалгаж эхэлсэн бөгөөд 2011-2014 оны хооронд түүнийг 15 сая еврогын татвараас зайлсхийсэн гэж сэжиглэж байгаа гэнэ.

 

 

Өнгөрсөн оны 12 дугаар сард Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагаас 18 сая орчим баримтыг агуулсан материалыг дэлгэж, хэдэн мянган оффшор данс эзэмшигчдийн нэрийг ил болгосон юм. Эдгээрийн дунд Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний нэр байжээ.

 

Мөн энэ хэрэгт Манчестер Юнайтед багийн дасгалжуулагч Жозе Моуринью (Португал) ч нэр холбогдож байгаа гэнэ.

 

 

Энэ долоо хоногийн лхагва гарагт Лионель Месси дээд шүүхэд давж заалдаад амжилт олоогүй. Аргентин эрийн хувьд өөрийн эцэс Хорхегийн хамтаар 21 сарын хорих ялын оронд их хэмжээний торгууль өгөхөөр болоод байгаа. Гэхдээ түүний татвараас зайлсхийсэн мөнгөний хэмжээ 4.1 сая евро байсан юм.

 

Харин Роналдугын хувьд үүнээс 3.5 дахин их байгаа юм. Хэрвээ түүнтэй холбоотой материалууд шүүхэд шилжвэл Мэссигээс ч илүү хүнд нөхцөл байдал Португал эрийг хүлээж байж магадгүй.

 

Месси, Роналду нарын хувьд сүүлийн 9 жил дараалан Дэлхийн шилдэг хөлбөмбөгчны шагналыг хуваан хүртээд буй юм.  

 

Г.Баяраа

  

Shuud.mn
Сонин хачин