”Маш нууц”-ын үргэлжлэл
2017-05-26

 

1986 оны V сар ...Цэлмэг нартай өдөр

 

Шалгалт авч буй ангид нам жим. Карл Маркс, Энгельс,  Ленин нарын сахалтай хөрөг өлгөсөн цэлгэр танхимд цагаан пааржик, гал улаан галстукаа зүүсэн хүүхдүүд биш. Бүгд итгэл төгс нүдэнд оч харвасан байдалтай ахлах ангийнхан жирийтэл суужээ.. “Шпралк” гэх хуйлсан нууц цаасны шар шур хийх шаржигнаанаас өөр чимээгүй. Хүүхдүүд маш хичээнгүй, тун нямбай ажиллаж, бүгд амжилттай тоогоо бодож амжив. Энгэрт нь хэзээ ч худлаа ярьж мэхлэхгүй гэсэн хатуу тангарагтай эвлэлийн тэмдэг нь өглөөний наранд гялалзана. Багш болон шалгалтын комисс тун няхуур, маш гярхай.  А, В вариантаар хувааж асуултууд бичсэн хүрэн самбарын ойр нэг тусгай ширээ байх ба түүн дээр тогос шувууны зурагтай орос халуун сав байна. Дотор нь манай Болдоогийн гэрээс ирсэн сүүтэй цай байгаа. Мөн Цэцгээгийн ээж ажлаасаа чөлөө авчихсан, шалгалтын багш нарын хоол буузыг гэртээ чимхэж суугаа. Шалгалт засахын өмнө авч ирэх ёстой.

 

Бууз яг цагтаа ирсний дараа шалгалтын үр дүн үнэхээр гайхалтай гарав. Тусгай тамгатай шалгалтын цаасан дээр хүүхдүүдийн ажилласан байдал цэмбэгэр. Эргэлзсэн зассан хариу бараг  байхгүй, нэгэн жигд.  Өнөөх эх орны алтан гурав чирч явдаг  дэлдэн хочтой Батаа, дэггүй шар ногоон ноль Гарваа хүртэл бүр онц авахаар бодоод өгчихөж. Яг цаасан  дээр буулгаснаар бол муу байтугай, сайн  авах  ч хүүхэд байсангүй. Бүгд зөв ямарч алдаагүй бодчихсон байв. Матийн багш ийм шалгалтыг урьд үзэж байгаагүй тул дараа учрыг нь мэдсэн нэгэн шалтгаанаар  тэр өдөржин хямарч даралт нь өгссөн тухайгаа хожим дурссан.   

 

Шалгалт авах өдрөөс 5 өдрийн өмнө. 1986 он. V сар...  Бороотой өдөр

 

Нэлээн сэргэлэн ангийн хоёр охин бас үерхдэг хоёр хөвгүүнийг дагуулаад шөнө хаа байсан баруун зах Толгойтоос Сүхбаатарын төв талбайг зорьж дээ. Тэр үед микро харх  болоод халтуурчин Приусийн бүхэл армийн цуваа шиг тийм их машин унаа байхгүй байсан тул манай дөрөв буцахдаа алхсан байж таарна. Харин тэд ямар хэрэг зориг бүтээсэн гэдэг нь энд их чухал. Хүүхдүүдийн ам дамжин шивнэх нь сайх дөрвөл шөнө Сүхбаатарын талбай дээр очиж төгсөлтийн шалгалтад ирэх бодлогуудыг задлах хамт олны даалгавартай явсан байв. Хүүхдүүд аав ээжээсэ аргалж чаргалж хөх халзан зуут биш гэхэд тавтын цэнхэр дэвсгэртийг авч чадсанаа нийлүүлж хөөрхөн мөнгө босгожээ.  Элч дөрөв энэ мөнгөө тас атгаж талбай дээр очсон ба нэгэн учир битүүлэг хүнтэй зөрөх төдийхөн  таарч хэдэн тоо гарчиг дугуйлсан алгын чинээ цаасаар 50 төгрөгөөр солилцжээ.

 

Энэхүү жижигхэн цаас маргааш нь ангийн хүрээнд мөнгөө нийлүүлсэн цөөн тооны итгэлт хүүхдүүдэд тарсан. Гэвч өр нимгэн нэг нь муу сурдаг найздаа “зүгээр” тус болж хариуг задалснаас   шалгалтаа  бэлдэж байсан сурагчдын идэхтэй хэмнэлийг будаа болгов. Анги танхим ердийн хичээлийн өдрүүд шиг алтан гурвуудын дэггүйтэл ,охидоо ээрсэн марзганаан, хайрын захидлын хов живэнд  замхрав.

 

Ингэж тэр жилийн 10 төгсгөгчдийн “Матийн” хичээлийн шалгалтын билет задарчээ. Бүүр хашир онцчууд нь тэр хэдэн тоогоо цээжилчихээд бас сэм бэлдсээр байсан. Энэ тухай итгэмтгий цагаан нэг нь багшдаа хэлж задарсан тоонуудыг бодож өгөхийг хүсчээ. Насаараа багш хийсэн цусны коммунист хүмүүжилтэй багш ийм шудрага бус зүйл хэзээ ч манай нийгэмд байхгүй гэдгийг шавьдаа хэлж тууштай шалгалтаа бэлдэхийг сануулжээ. Гэхдээ өнөөх тоонуудыг нь хамт сууж байгаад бодоод өгчихөж. Энэ аминчхан тус ч мөн л задарч хашир сурагчид задарсан асуултуудыг яг таг алдаа мадаггүй бодуулсан хувийг гартаа атгасан байв.

 

Яг шалгалт авдаг өдөр  багш яамнаас ирсэн шалгалтын асуулттай дугтуйг нээгээд хачин царайтай болчихсон ангидаа орж ирсэн байж таарна. Өнөөх хүүхдүүдийн задарсан гээд бодуулаад байсан асуултууд яг тэр чигээрээ нууцлалтай дугтуйнд байж. Шалгалтын “билет” буюу асуулт задарсан нь яг таг болчихов. Харин хэн, ямар  байдлаар энэ задлалтыг хийдэг тухай асуулт тэр үеийн хүүхэд багш нарын хувьд “маш нууц” үлдсэн.... 

 

15 жилийн дараа.  2017 оны V сар маш халуун бүгчим өдөр ...

 

Төвийн дүүргийн нэгэн сургуулийн багш нар шалгалтаа авах хувиарын дагуу өглөө эртлэн ирцгээж байна. Хэн нэг багш нь “Жи тайм” сүлжээнд цалингийн зээл тавин элсээд одоо баларч, нөхөртөө амаа асуулгаж гэрээсээ хөөгдөх шахан шөнжин хэрүүл болсноо  өгүүлэнгээ ориг Максим кофе ганц аягыг уучихлаа. Өчигдөр орой бага хүүхдээ нэгдүгээр ангид оруулах гуйлттай гэсэн  найз ээжтэй нэг жижиг пааб-д жоохон суусан гэх шалтгаанаар хөнгөн шартаад гэсээр удаах багш ирэв. Гуравдах багш бөглөөнөөс арай гэж гараад машин тавих зогсоол хайсан учирлалтай мөн  амьсгаа өндөр нервтэй орж ирэв. Ингээд баг бүрдэж шалгалт эхэллээ.   Ийм нэгэн энгийн өдрийн дүр зургаар эхэлсэн шалгалт амжилттай явагдаж дууслаа. Багш нар шавь нарынхаа гүйцэтгэлийг нь шалгаж дүнгээ тавих гэж бужигнаж байтал дээрээс шалгалтыг дахин авах лүндэн буужээ. Шалгалтын асуулт задарсан гэнэ.

 

Маш нууц үргэлжилсээр бололтой ...

 

ПҮРЭВЖАВЫН БАЯРХҮҮ  / тоймч /

 

 

Shuud.mn
Сонин хачин
kkkk:
UGAASAA 10 JILIIIN SURGUULIIN HUUHDUUDIIG SUIRUULJ BAIJ ULS MAANI HUGJIH YYM BAILFUI DEE
2017-05-26
ээ хөөрхий, ингэж бичих гэж...:
Карл Маркс, Энельс, Ильч Ленин Шпарлк
2017-05-26