П.Сэргэлэн: Малчдын хөдөлмөрийн үр дүнд малын тоо 61.5 саяд хүрлээ
2017-05-26

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: 311 мянган малчдын шаргуу хөдөлмөрийн үр дүнд мал сүргийн тоо түүхэндээ 61.5 саяд хүрлээ

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, аварга малчдын мал маллах арга туршлагыг солилцох Малчдын улсын зөвлөгөөнийг  Төрийн ордонд зохион байгуулж байна.

 

 

Зөвлөгөөнийг  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нээж “Мал аж ахуйн салбар нь  дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх хөдөө аж ахуйн салбарын 80.0 орчим хувийг тогтвортойгоор үйлдвэрлэж хүн амыг хүнсээр, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангасаар ирсэн. 2010 оноос мал сүргийн тоо тогтвортойгоор өсөж, мал сүргийг хувьчилж байсан 1990 онтой харьцуулахад 2.5 дахин өсөж тэр хэмжээгээр мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөж байна. Мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд 15.0-20.0 сая толгойгоор өсөж байгаа нь малчин түмэн Та бүхний нөр их хөдөлмөр, Төр, засгаас баримталж буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлж байгаа орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийн үр шим гэж үзэж байна. Бидний өмнө энэ их баялгийг эдийн засгийн үр ашигтай, үнийн дээд төвшинд хүргэж дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, экспортыг нэмэгдүүлэх зорилт байна.  Үүний тулд байгаль, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг дагаж мал аж ахуй эрхлэх арга барил, малын удмын сангийн талаарх ойлголтууд хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед дэлхийн чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэх,  үржил селекц, эрүүл мэндийн ажлыг оновчтой удирдан чиглүүлэх ажлыг хамтдаа бүтээцгээе” гэдгийг онцлов.

 

Зөвлөгөөнөөр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мал аж ахуйг хөгжүүлэх талаар тусгагдсан олон арга хэмжээнүүдийг мал аж ахуйн салбарт ажиллаж буй малчид, мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж цаашид орон нутагт хэрэгжүүлэх юм. 

 

 

Мөн зөвлөгөөнд оролцож байгаа малчид, фермерүүд мал аж ахуйн салбарын гол эрх зүйн баримт бичиг болох “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль” болон “Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн төслүүдэд санал өгч хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо илэрхийлж хуулийн төсөлд тусгуулна.

 

Засгийн газар дараах арга хэмжээнүүдийг  хэрэгжүүлэн ажиллана.

 

Үүнд:

  • Мал эмнэлгийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, стандартын шаардлага хангасан мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх.
  • Малчид хөдөлмөрөө хоршин ажиллаж ажлын бүтээмж сайжруулан мал аж ахуйгаас олох орлогоо нэмэгдүүлэхээр Малчдын хоршоонд нэгдэж ажиллах боломж болон малын гаралтай түүхий эдийг малчдын хоршоогоор дамжуулж бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх.
  • Мал аж ахуйн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах, мал аж ахуйн хөгжлийн талаарх олон улсын туршлагыг судлах, нэвтрүүлэх.
  • Малыг бүртгэлжүүлж, малын гаралтай түүхий эд бэлтгэлийн чанар стандартыг дээшлүүлж, гарал үүслийг тодорхой болгох системийг бүрдүүлэх.  
  • Малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж биотехнологийн ололтыг нэвтрүүлэн шинэ үүлдэр, омгийг бий болгох, мал үржлийн нэгжүүдийг чадавхжуулах.  
  • Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулах үйл ажиллагаанд зээлийн дэмжлэг үзүүлж, өвс тэжээлийн аюулгүй нөөцийг нэмэгдүүлэх.  
  • Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, хөдөөгийн усан хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрт хөнөөл учруулж буй хортон мэрэгчидтэй тэмцэх зэргээр бэлчээрийн доройтлыг бууруулах. 

 

Энэхүү зөвлөгөөнөөс зөвлөмж гарган бүх аймаг, сумдад хүргүүлж тухайн орон нутагт хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллана

 

 Зөвлөгөөнд 21 аймгийн 330 сумын 800 гаруй малчид, фермерүүд орон нутгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож байна. 

Shuud.mn
Сонин хачин
Kk:
Ene novshiig buudaj al maliin boinii uildvrr barij 50-n terbum idsen hulgaichaas bolj maxguin zovlong arduud uzej bna
2019-06-10
irgen:
ene maliin toog heden yanzaar helen umaa,,,zarimdaa 74 say, neg bol 61 say,,,geh meteer bainga oor too garah um
2017-05-26