2018 оны үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжив
2017-05-26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаархи төрийн бодлогын хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар” мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулав.

 

Дараагаар нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Гишүүд энэ асуудалд байр сууриа илэрхийлсэн юм.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Мөнгөний бодлогыг зөөлрүүлэх арга хэмжээ авахад хүнд байгаа. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд инфляци нам дор явж ирсэн. Энэ үед төвбанкны бодлогын хүүг бууруулах боломж байхгүй. Үүнээс болоод банкны хадгаламжийн хүү буурч чадахгүй. Тиймээс ирэх жилүүдэд банкны зээлийн хүү буурах боломжгүй. Тийм учраас  хүү бууруулахын тулд банкуудыг дэмжих бодлого хэрэгтэй” гэсэн юм. М.Билэгт нарын гишүүн төрийн өмчит үйлдвэрийн газруудын алдагдлыг бууруулж,  ашигтай ажиллуулахад анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байлаа.

 

Ингээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн 80.6 хувийн саналаар үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Ийнхүү анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

 

Үүний дараагаар Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар 2018 оны Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны  төсөөллийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөхийг хүссэн юм. ОУВС-гаас гарсан шийдвэртэй холбоотойгоор яаралтай дэгээр оруулж ирсэн байна. Гишүүдийн олонхийн саналаар уг асуудлыг хэлэлцэхийг дэмжсэн юм.  Ингээд  2018 оны Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны  төсөөллийг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин