Энхийг сахиулагчдад мэндчилгээ дэвшүүлэв
2017-05-29

Гэрэл зургийг mpa.mn

 

БХЯ, ЗХЖШ, ҮБХИС, Нийслэлийн болон дүүргүүдийн Цэргийн штаб, яамны харьяа, аж ахуй нэгж байгууллага хамтран Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах зорилготой “Нээлттэй хаалганы өдөр”-ийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

 

Энэхүү өдөр нь “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-тэй давхцаж байгаагаараа онцлог аж.

 

Нээлттэй өдөрлөгийн хүрээнд БХЯ болон Батлан хамгаалахын төв архивын лавлагаагаар үйлчлэх, офицер, ахлагчийн алба хаах журмын талаар мэдээлэл, танилцуулга хийх, Батлан хамгаалах яамны долоо хоног тутмын дотоод үйл ажиллагаа, гаднаас иргэдийг хүлээн авах журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх асуудлаар нийтэд танилцуулан мэдээлэх, санал, хүсэлт хүлээн авах, хариулт өгөх, саналын хайрцаг ажиллуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Түүнчлэн Энхийг сахиулах болон Олон улсын ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэрэг дайчдын оролцсон байдлын тухай төрөлжүүлсэн  зурагт самбар, видео бичлэг, хүндэт харуулын цэргийн жагсаалын үзүүлбэр,  гадаадад үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын ар гэрийг хүлээн авч санал, сэтгэгдлийг нь сонсож, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад мэндчилгээ хүргэх аж.

 

“Нээлттэй хаалганы өдөр”-т хүрэлцэн ирсэн иргэд Батлан хамгаалахын төв архив, Цэргийн төв эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах боломжтой аж. Тухайлбал, хөдөлгөөнт хээрийн лабораториор рентген зураг авах, эхо, зүрхний бичлэг хийх, нүд, чих хамар хоолойн эмч үзлэг хийн зөвлөгөө өгч, сахарын хэмжээг тогтоох зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлж буй юм байна.

 

Түүнчлэн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн элсэлтийн журам, сургалтын тогтолцоо, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж буй тэнхимүүдийн сурталчилгаа, БХЯ-ны харьяа “Бөртэ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын хамт олон дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа явуулахын сацуу Батлан хамгаалах салбараас хэрэгжүүлж байгаа Зам тээвэр, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол, зөрчил, хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл сурталчилгаа хийж байна.

 

Нээлттэй хаалганы өдөрлөг 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

 

Г.Тэгшсүрэн 

 

Shuud.mn
Сонин хачин