Монголын хиймэл дагуулыг хөөргөх ажиллагааг хойшлуулжээ
2017-06-02

 

Монгол Улсын анхны хиймэл дагуулыг Японы  Кюүшү Технологийн институтад бүтээжээ. Тус хиймэл дагуулыг өнөөдөр үүрийн  05.30 цагт хөөргөх байсан ч нислэг хойшлогдсон байна.

 

“Мазаалай” хэмээх Монголын хамгийн анхны хиймэл дагуулыг АНУ-ын “SpaceX” компанийн ”Falcon 9” пуужингийн CRS-11 дугаарт нислэгээр Олон улсын Сансрын станцруу хөөргөх байсан ч борооны улмаас нислэг хойшилсон аж. Дараагийн нислэгийг энэ сарын 4-нд буюу ням гарагийн өглөө  05:05 цагт /Улаанбаатарын цагаар/ хөөргөхөөр төлөвлөсөн байна.

 

Японы  Кюүшү Технологийн институтаас сансарт гарцгүй улсыг дэмжин, анхны хиймэл дагуулыг хийж, хөөргөхөд нь туслалцаа үзүүлэх зорилгоор  “Birds” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төслийн хүрээнд  тус институтад докторын зэрэг хамгаалахаар судалгааны ажил хийхээр очсон Монголын гурван залуу багш “Мазаалай” хиймэл дагуулыг хийх ажилд гар бие оролцсон байна.

 

Энэ сарын 4-нд нислэг амжилттай болвол  Монгол улс сансарт хиймэл дагуулаа хөөргөсөн 51 дэх орон болох юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин