Сурталчилгааны өмнөх “хар мөр”
2017-06-05

 

Монголчууд бид төрийн тэргүүнээ  сонгох ээлжит сонгуулийн цаг хугацааны өмнө ирээд байна.  УИХ-ын сонгуулиар хэдэн нам парламентад суудал авснаас дараа жилийн Ерөнхийлөгчийн сонгууль хэр өрсөлдөөнтэй явагдах эсэх өнгө нь харагддаг. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улс төрийн хүчнүүд өрсөлдөх хуультай.  Гэхдээ парламентад суудалтай хэдий ч бусад намаа дэмжин оролцож ч болно. Тухайлбал өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар парламентад суудалтай ИЗНН Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг дэмжиж оролцож байсан түүхтэй.

 

Бид 2016 оны УИХ-ын сонгуулиар АН, МАН, МАХН гэсэн гурван намыг парламентад суудалтай болгосон. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар гурван нам тус бүртээ нэр дэвшигчээ тодруулан өрсөлдөж байна. МАН-аас УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар өрсөлдөхөөр нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад байгаа билээ.

 

Ерөнхийлөгчийн  сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ.  Сонгогчид бид Төрийн тэргүүнээ сонгох сонгууль хүндэтгэлтэй хандаж ирсэн ард түмэн. Энэ удаад ч гурван нэр  дэвшигчийг харж, сонжиж,  өөр өөрсдийн сонголтоо хийнэ.

 

Сонгочид сонгуулиар нам, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, уриаг харж, сонжиж сонголтоо хийдэг, уг нь. Гэхдээ сүүлийн жилүүдэд, тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр уриа гэхээсээ хар пиар  сонгогчдод түлхүү нөлөөлж байгаа тал анзаардах болсон. Ингэхдээ өрсөлдөгчөө хэт харлуулсан пиар “өөдөө хаясан чулуу өөрийн толгой  дээр” гэдэг шиг эргээд өөрт сөргөөр нөлөөлж ирсэн.

 

Гурван намаас нэр дэвшигчид тодорсон хэдий ч сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад өрсөлдөгчөө намнах гэсэн хар пиар өнгөрсөн өдрүүдэд зонхиллоо.  Боловсролтой боловсролгүй, боловсорсон, боловсроогүйгээс эхлээд   “цус судлал”  хүртэл үргэлжилж байна.  Тиймээс нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны гараанаас бөөн хар нөхөөстэйгөөр   бариа руу жирийх нь.

 

Цаашдаа нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, уриаг сонгогчдод хүргэхэд ч эргэлзээ төрүүлж мэдэхээр  сурталчилгааны хар пиар  цахим сүлжээнд хүчээ авлаа. Учир нь өнөөдөр  сонгогчдын дийлэнх нь фэйсбүүк, твиттерт холбогдох, бодит мэдээлэл гэхээсээ бор шувууны нисгэсэн жиргээнд анхаарлаа хандуулж, ач холбогдол өгдөг болсон цөвүүн цаг. 

 

Уг нь бид Үндсэн хуулиндаа “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн,  Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж Үндсэн хуулиндаа тунхагласан.  Тиймээс ирэх жилүүдэд ард түмнийхээ эв эеийг  сахиж, тусгаар тогтнолоо баталгаажуулан хамгаалж,    гадаад улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх,  олон улсад эх орноо төлөөлөн сурталчилж чадах эрхмийг  ард түмэн Төрийн тэргүүнээрээ сонгох үүрэгтэй байдаг.

 

Сонгуулийн сурталчилгаа маргааш албан ёсоор эхлэх атал урьдчилаад нэр дэвшигчдийн талаар бөөн хар пиар хөвөрсний хариуцлагыг  хэнд тохох вэ? Хэн  хүнгүй л хуулийн цоорхой гэх байх. Цоорхой хууль баталсан өмнөх парламентыг буруутгаад  Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар Сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулахаар шинэ  парламент хэлэлцэх биз.

 

Гэхдээ нэр дэвшигчдийг дагасан хар пиар өрсөлдөгчдөө хэр оноо авчрахыг өнөөдөр таашгүй.  Тэгээд ч Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны сурталчилгаа маргааш эхэлнэ.  Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн нэр цэвэр биш ч “миний ардын сэтгэл цагаан”.  

 

Тиймээс нэр дэвшигчид тэнцвэргүй сонгууль нэг гомдоллож, тунилгүй, хэн нэгэн рүүгээ хар хөөс цацалгүй төрийн тэргүүн шалгуурт тэнцэх эсэх бодлого зорилтоо сурталчилах ёсзүйтэй баймаар, сурталчилгааны цөөн хэд хоногт. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин