Английн шигшээ багийн дэмжигчид шийтгэл хүлээв
2017-06-08

 

Английн хөлбөмбөгийн холбооноос ёс бус үйлдэл гаргасан 2 дэмжигчид шийтгэл оногдуулжээ. Өнгөрсөн 3-р сард Герман - Английн шигшээ багуудын нөхөрсөг тоглолт болсон юм. Дормунд хотод болсон тус тоглолтын үеэр Английн шигшээ багийн хэд хэдэн дэмжигч ёс бус үйлдэл гаргасан бөгөөд тэдний дундаас 2 нь нацист ёсолгоо хийсэн юм. Улмаар тэдэнд Английн хөлбөмбөгийн холбооноос бүх насаараа шигшээ багийн тоглолтыг үзэхгүй байх шийтгэл оноосон байна. Өмнө нь Английн хөлбөмбөгийн холбоо ийм хэмжээний хүнд шийтгэлийг дэмжигчдэд өгч байсан түүх үгүй юм. Тэд мөн Английн шигшээ багийн өөр орнуудад зочилж хийх тоглолтыг ч үзэх эрхгүй болсон бөгөөд энэ асуудлыг “Английн дэмжигчдийн аялалын клуб” (ESTC) хариуцан ажиллах гэнэ.

 

Энэ шийтгэлээр хэрэг дуусаагүй бөгөөд Хөлбөмбөгийн холбоо цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж  нийт 27 буруутныг илрүүлж, зарим хүмүүсийн тоглолт үзэх эрхийг тодорхой хугацаагаар хассанаас гадна, 6 хүнд анхааруулах бичиг хүргүүлжээ. Мөн шийтгүүлээгүй байгаа зарим дэмжигчдийг ч мөн шалгаж, шүүн хэлэлцэх гэнэ.

 

Эдгээр дэмжчигдийн хувьд Германд болсон тоглолтын өмнө эзэн багийн төрийн дуулал эгшиглэж байхад Дэлхийн 2-р дайны үеийн дууг дууснаас гадна, зарим нь Гитлерийн сахал нааж, зарим нь Германы дэмжигчдэд дарамт үзүүлж байсан нь тогтоогдсон юм. 

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин