Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томиллоо
2017-06-09

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БСШУС-ын сайдын томилогоог хэлэлцэв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдад академич Г.Чулуунбаатарын нэрийг өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Боловсролын чанарт яаж анхаарах вэ. Сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын төлбөр их, дээд сургуулиас давлаа.

 

Нэр дэвшигч Г.Чулуунбаатар:

 

-Боловсролын чанар, агуулга үр дүн хоёр уялдсан байх зарчим барьж ажиллана. Судалгаа дүгнэлтэд үндэслэн боловсролын агуулга, механизм руу уялдуулж ажиллахыг хичээнэ.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Эрдэмтэн хүн нэр дэвшиж байна гэж манайхан ярьж байна. Гэхдээ сайн менежер байх ёстой. Хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн ачаалал их байдаг. Ажлаа хүлээж авангуутаа орон нутгаар яваасай гэж хүсч байна.  

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Та боловсролын төдийгүй соёлын сайд хүн болно. Сансар судлал манайд хөгжөөд 60 жил болж байна. Манай улс сансарт хүнээ илгээсэн 10 дахь орон. Энэ чиглэлд анхаараарай. Спортын сайдын хувьд спортын бүх чиглэлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаарай.

 

Ийнхүү гишүүд үг хэлж асуулт тавилаа. Байнгын хорооны дүгнэлтээр БСШУС-ын сайдад Г.Чулуунбаатарыг томилохыг гишүүдийн 94.2 хувийн саналаар дэмжлээ. 

 

Ингээд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Яамны ажлыг дөрөө даах түвшинд хийгээрэй. Элдэв зүйл яриад байх боловсон хүчнийг дагуулахгүйгээр ажиллаарай" хэмээн захив. 

 

Дараагаар нь ҮХЦ-ийн гишүүнийг томилох асуудлыг  хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
СОНСОГЧ:
ЭРДЭМ НОМЫН ХҮН УРЛАГ СУДЛЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЭРДМИЙН ЗЭРЭГ ХАМГААЛАХ ОЛОН АЖЛЫГ ГАРДАН УДИРДСАН ХҮН ГЭЭД ДАВУУ ТАЛ БАЙНА. СПОРТЫГ Ч ОЙЛГОХ БИЗ. УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ЗАХИРАЛ БАЙСАН БАГШ МААНЬ ГЭЭД ЭЕРЭГ ЗҮЙЛ ОЛОН БАЙНА.
2017-06-09
Зочин:
за энэ чинь харин болж байна шүү. овоо томилгоо ганцыг хийлээ
2017-06-09
за:
өөрөө сайд болох дуртай л байгаан байна даа
2017-06-09