Хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг батлав
2017-06-09

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан хуралдаж байна.  Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил" төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав.  Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг 2011 оноос 2016 оны хооронд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн сонгогдсон 89 сумд хамрагдаж, нийт 120 бэлчээрийн малчны бүлэг, 455 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

 

Төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, бусад аймаг, сумдыг хамруулах, төслийн үр өгөөжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс төслийн нэмэлт санхүүжилт болох 9,06  сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хооронд байгуулахаар төлөвлөсөн байна.  Төслөөр хамрагдсан аймаг, сумдад нэмүү өртгийн сүлжээг бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж ядуурлыг бууруулахыг зорьжээ. 

 

Дараагаар нь  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. 

 

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Ард Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцээрийн хүрээнд авах зээлийг хөдөө аж ахуйн болон батлан хамгаалахын салбарт зарцуулах талаар зарим гишүүд санал гаргасан байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин