Гадаад дахь монголчуудын саналыг энэ сарын 26-нд тоолно
2017-06-12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн хилийн чанад дахь 7209 иргэн энэ сарын 10,11-ний өдрүүдэд өөрсдийн бүртгүүлсэн Дипломат төлөөлөгчийн газруудад тухайн орон нутгийн цагаар 07.00-22.00 цагийн хооронд саналаа өглөө.

 

Улаанбаатарын цагаар зургадугаар сарын 11-ний өдрийн 14.00 цагийн байдлаар салбар комиссуудаас авсан мэдээллээр саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7209 сонгогчоос 3217 сонгогч буюу 44.6 хувь нь саналаа өгсөн байна.

 

Цагийн зөрүүний улмаас АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комиссын санал авах ажиллагаа хамгийн сүүлд буюу энэ сарын 12-ны өдрийн 13.00 цагт дууссанаар энэ удаагийн хилийн чанад дахь санал авах ажиллагаа дуусах юм.

 

Facebook, twitter зэрэг мэдээллийн олон нийтийн сүлжээгээр тодорхой нэг нэр дэвшигчийг ялалт байгуулсан мэт олон нийтэд буруу ойлголт өгөх мэдээлэл гарч байна. Сонгуулийн тухай хуулийн 98 дугаар зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо гадаадад саналаа өгсөн иргэдийн саналыг тоолох ажиллагааг өөрийн байрандаа 2017 оны зургадугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагт хийж эхлэх юм.

 

Иймд энэхүү мэдээлэл нь хууль зүйн үндэслэлгүй, буруу мэдээлэл болохыг гадаад улсад суугаа Монгол Улсын иргэдээс сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссоос мэдэгдлээ.

Shuud.mn
Сонин хачин