Нэрт зохиолч Ж.Дашдондог таалал төгсчээ
2017-06-12

Хүүхдийн зохиолч, СГЗ Жамбын Дашдондог өвчний улмаас таалал төгсчээ.

 

Хүүхдийн зохиолч  Ж.Дашдондог 1941 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт төрсөн. 1963 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын анги төгсч хүүхэд залуучуудын байгууллагын төв хэвлэлүүд, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” сонин, “Залуу үе", “Залгамжлагч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж хүүхэд, залуучуудын утга зохиолыг хөгжүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэжээ.

 

10 жилийн дунд сургуулийн сурагч байхдаа “Аргагүй хүү” номоо улсын хэвлэлээр хэвлүүлснээс хойш дөч шахам ном бүтээжээ. Гадаадад түүний арав гаруй ном олон хувиар хэвлэгдсэн бөгөөд дэлхийн хүүхдийн шилдэг зохиолч С.Маршак, К.Чуковский, А.Барто, С.Михалков, И.Тургенев нарын зохиолоос монгол хэлнээ орчуулж гуч гаруй ном гаргажээ. “Гурван нөхөр, гурван дайсан” 1990, “Тэмүжин” 1991, “Модон могой” 1991, “Алаг бяруу” 1994, “Гэсэр” 1997 зэрэг жүжиг, дуурь, киноны зохиол туурвин бяцхан уншигчдын хүртээл болгосон.

 

1972 онд “Ар тайгын хүү”, “Аав,ээж, би” номоороо МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Аранзал зээрд” номоороо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, .... онд “Долоон бөхтэй тэмээ” номоороо МЗЭ-ийн Алтан өд шагнал, 2005 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол авчээ. Бас олон улсын хүүхдийн уран бүтээлийн шагнал гурван удаа авсан.

 

Мөн 2016 онд утга зохиолын салбарт онцгой амжилт гарган, шилдэг бүтээл туурвиж олон нийтийн хүндлэлийг хүлээснийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, хүүхдийн зохиолч Ж.Дашдондогт Төрийн соёрхол хүртээсэн билээ.

 

Нэрт зохиолч Ж.Дашдондогийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болох болтугай.

Shuud.mn
Сонин хачин
гүн хүндэтгэгч:
Ум Ма Ни Бад Мэ Хум
2017-06-12
Зочин:
saihan hun saihn zohiolch bain daa genetiin yum bolvuu
2017-06-12
Зочин:
um mani badme hum
2017-06-12
Juju:
Huuhdin sain zohiolch baisan.Saihan hun burhani orond yavjee.Um maani badmi hum.
2017-06-12