Отт Танак Италийн ралли түрүүллээ
2017-06-12

 

Раллигийн ДАШТ-ий Италийн гараан өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Пүрэв гарагт нээтээ хийсэн тус уралдаан дөрвөн өдөр үргэлжилж ням гарагт хаалтаа хийсэн бөгөөд 19 үе шаттайгаар 312 км зайд болжээ. Гэхдээ уралдааны сүүлийн 2 шат нь цуцлагдсан байна. Өөрөөр хэлбэл 17 шатны нийлбэрээр ялагч тодорсон гэсэн үг.

 

Уралдааны эхний өдөр Хьюндэй багийн Бельги нисгэгч Тьерри Нэвилл сайн байж, тэргүүлэлийг гартаа авсан бол сүүлийн өдрүүдэд Эстонийн тамирчин Отт Танак онцгой сайн байлаа. Хэдийгээр бямба гарагт түүний өмнө Австралийн тамирчин Хэйден Паддон бичигдэж байсан ч 13 дахь шатны үеэр машинд нь эвдрэл гарч уралдааныг орхижээ. Урт харайлтын үеэр түүний Хьюндэй i20 машины амотизатор задарсан нь ийм байдалд хүргэсэн байна.

 

Улмаар Эстони эр түүний эзгүйд сүүлийн шат хүртэл тэргүүлэлээ алдалгүй явсаар 3 цаг 25 минут 15.1 секундын хугацааг үзүүлж, Италийн раллид түрүүлжээ. Харин түүний араас Тоёота багийн Финлянд тамирчин Яари Матти Латвала, Хьюндэй багийн Бельги нисгэгч Тьерри Нэвилл нар орж шагналын тавцанд гарсан байна.

 

Их Британийн Эм-Спорт багийн гишүүн Отт Танакын хувьд Раллигийн ДАШТ-нд нийт 73 дахь гараандаа оролцож анхны ялалтаа авсан нь энэ юм.

 

Италийн раллигийн дараах байдлаар ДАШТ-ийг Франц нисгэгч Себастьен Ожье тэргүүлсээр байна. Тэрбээр 141 оноотой байгаа бол дэд байранд 123 оноотой Бельгийн Тьерри Нэвилл жагсаж байгаа юм. Харин замналын анхны ялалтаа авсан Отт Танак 108 оноотой болж хүснэгтийн 3-р байрлуу давшин орж иржээ.

 

Дараагийн ралли ирэх 6/30 – 7/01 ны өдрүүдэд Польш улсад болох хуваарьтай байна.  

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин