Тууз хайчлахын тулд онгоц хөлөглөв үү
2017-06-12

 

Говь-Алтай аймаг дахь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа “Алтай” нисэх буудлын шинэ зурвасыг өчигдөр албан ёсоор нээжээ. Нээлтийн арга хэмжээнд Улаанбаатар хотоос сайд дарга нар агаарын хөлөг хөлөглөн очиж. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар тун их ач холбогдол өгч, хязгаар нутагт хөл тавьж.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Монгол Улсын баруун хязгаар нутгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ хэмээн их л онцгойлж. Харин энэ шинэ түүх өмнөх түүхүүд шигээ үзэгдэл болон замхрахгүй байгаасай. Агаарын тээвэргүйн зовлонг алтайчууд хангалттай амссан.

 

 

XXI зууны Монгол Улсын нэгэн аймаг газрын тээврээс өөр унаагүй. Яаралтай эмчилгээнд орох шаардлагатай иргэд Ховд аймаг руу явж, онгоцонд сууж байна. Улаанбаатарыг чиглэсэн 400 гаруй киломер үргэлжлэх шороон замаас халгаж, өвчтэй хүн нь энэ замыг туулж чадахгүй гэсэн айдас, болгоомжлолоос үүдэж, аймгаас аймаг дамжин, онгоц хайж байна. Ямар зардал гарахыг бодох ч сөхөөгүй хүнээ аврахын тулд засмал замтайгаар нь Ховд руу 430 километр явж, онгоц бараадаж байна.

 

Нэгэн жишээ. Аймгийн эмнэлэгт эмчилгээгүй, яаралтай хот явах шаардлагатай өвчтөний гэр бүл Завханы онгоцонд таван сая төгрөгөөр хүнээ дайж байсныг нүдээрээ харж, чихээрээ сонсч байлаа. Авиакомпани уг нь 10 сая төгрөг, гэхдээ яахав 7 сая гэж тухайн үед их л харж үзэж үнээ буулгасан. Гэхдээ олон удаагийн эмчилгээ, эм тарианы зарлагатай өвчтөний гэр бүлд ийм хэмжээний мөнгө байгаагүй учраас нутгийнхаа УИХ-ын гишүүн руу утасдан байж, онгоцны зардлыг таван сая төгрөг болгон бууруулсан. Говь-Алтайгаас Улаанбаатар орохын тулд онгоцны тийзийг таван сая төгрөгөөр худалдан авсан гэсэн үг. Бас зүгээргүй нутгаа төлөөлсөн төрийн түшээ рүүгээ ярин байж, арын хаалгадсан. Ийм л зовлонт асуудал Говь-Алтайчуудад байсаар, олон жилийг үдэж байна. Хэрвээ бусад аймгийн адил онгоц нисдэг байсан бол хэн нэгэн аавдаа амжиж очих байсан. Өөр нэгэн аюулт өвчнөөр хорвоог орхихгүй байсан.

 

Зам тээврийн сайдаар ажиллаж байсан М.Зоригт ИНЕГ,МИАТ-ийн удирдлагуудтай уулзаж, баруун аймгуудыг нислэгтэй болгох асуудлыг ярьж, шийдсэн. Энэ шийдвэр алтайчуудад юу юунаас илүү баярт мэдээ байв. Тийзний үнэ бусад аймгуудаас өндөр байсан ч шаардлага тулгарсан иргэд татгалзаж байгаагүй. Гэвч энэ баярт мэдээ удаан үргэлжилсэнгүй, өнөөдөр Говь-Алтай аанай л нислэггүй. Харин УИХ-ын гишүүн, сайд, дарга нар нь тууз хайчлахын тулд онгоц хөлөглөн очдог юм байна. Мөн л өмнөх сайд шиг тогтмол нислэгтэй болгоно хэмээн амлаж, Хүннү эйр компанитай гэрээ байгуулж. Энэ амлалт урт удаан “нас”-тай байгаасай.

 

Говь-Алтай аймаг Улаанбаатар хотоос 1000 километр алслагдсан. Хэдийгээр алс хязгаарт байгаа ч энэ нутаг дарга даамалтай, иргэдийг нь төлөөлсөн төрийн түшээдтэй. Харамсалтай нь үе үеийн Засаг дарга нар нь, Алтайг төлөөлөн парламентын танхимд суусан түшээд нь амьгүй албатууд. Аймгийн Засаг дарга байсан О.Амгаланбаатар, Алтайгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нар Говь-Алтайн төлөө юу ч хийгээгүйг олон зүйлээр баталж болно. Наад зах нь өнөөдөр ч Говь-Алтай нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй. Шороон замаар 400 гаруй километр явж, Баянхонгорын засмалтай золгоно. Баруун зүгийн бусад аймгууд аль хэдийнэ хатуу хучилттай замаар холбогдсон. Мөн тогтмол нислэггүй, ус нь хүнс тэжээл бус хор болдог гээд алтайчуудын зовлонг тооцоод байвал барашгүй.

 

Тууз хайчлахын тулд онгоц хөлөглөн очиж, тогтмол нислэгтэй болгоно гэсэн сайд, дарга нарын үг сонгууль угтсан шоу бүү болоосой. 

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Us muutai ALtai hotoo nulgeechee. Heden arvan jiliin tursh gonginood l baisaar bna shuu de. Tomchuud ny bugd us saitai tuv suurin gaartaa suutsgachihsan. Nutgiin uuguul irgeduud ny l buuria sahin muu usaa uuj eruul mendeeree hohiron suuj baina
2017-06-12
Зочин:
МАН хэзээ ч ажил хийдэггүй нам. Уг нь наад ажил чинь Алтанхуягийн үед эхлэсэн ажил ашгүй дууссанд баяртай байна
2017-06-12