Алексей Навальный 30 хоног хоригдоно
2017-06-13

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины гол өрсөлдөгч гэгддэг Авлигын эсрэг сан”-г үүсгэн байгуулагч Алексей Навальныйг шүүхээс буруутай хэмээн үзэж, 30 хоног баривчлах шийдвэрийг гаргасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард Москва, Санкт-Петербург зэрэг томоохон хотод жагсаал зохион байгуулсан юм. Цагдаагийнхан уг жагсаалыг хүчээр тараасан бөгөөд Алексей Навальный болон 500 орчим хүнийг баривчилсан билээ.  Жагсагчид гартаа “Путин бол хулгайч юм” гэх лоозонгоор жигдэрсэн байжээ.

 

Шүүхээс түүнийг зөвшөөрөлгүйгээр жагсаал зохион байгуулсан, иргэдийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэмээн буруутгаж, 20 мянган рубль буюу 350 ам.доллароор торгохоор болсон юм. Алексей Навальныйг баривчлах шийдвэрийг эсэргүүцэн шүүхийн байрны гадна олон зуун иргэн жагссан байна.

 

Жагсаалд ял сонсоод буй Навальныйны  эхнэр оролцсон аж. Тэрбээр хэвлэлийнхэнд “Энэ бол шударга бус шийдвэр” гэж хэлжээ.  Навальный өмгөөлөгч Дмитрий Тереков “Бид давж заалдах болно. Мөн олон улсын Хүний эрхийн байгууллагуудаас тусламж хүснэ” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин