Э.Тодгэрэл: Гэр бүлээс гадуурх харилцааг тэвчихгүй
2017-06-16

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид ОХ-ын Якут улсын П.А.Ойунского-ийн нэрэмжит Драмын Эрдмийн театрын урилгаар “Чөлөөт хос” жүжгийг тус театрын тайзнаа тоглохоор болжээ. Үүнтэй холбогдуулан тус жүжгийн гол дүрийн жүжигчин, СТА Э.Тодгэрэлтэй уулзаж ярилцлаа.

 

 

-“Чөлөөт хос”  жүжгийг Якут улсын тайзнаа тоглохоор болжээ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

 

-Юуны өмнө драмын урлагт хайртай, шимтэн үздэг  үзэгч олондоо болон танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Үзэгч байхгүй бол театр байхгүй. Манай театрын хамт олон  энэ сарын 21-27-ны өдрүүдэд ОХ-ын Якут улсын урилгаар П.А.Ойунского-ийн нэрэмжит Драмын Эрдмийн академик театрын тайзнаа 86 жилийн түүхэнд анх удаа очиж тоглох гэж байна. Уг тайзнаа 2015 оны “Мөнгөн мод” наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагналт, “Гэгээн муза” олон улсын театрын фестивалийн дуулалт жүжгийн төрөлд нэр дэвшиж, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн, УДЭТ-ын шилдэг бүтээл УГЗ Ч.Найдандоржийн найруулга Италийн алдарт зохиолч Дарио-Фогийн “Чөлөөт хос” мюзикл, инээдмийн жүжгийг тавихаар бэлтгэл ажлаа базааж байна. Зүгээр ч нэг очоод тоглох биш. Монгол Улсын театрын уран бүтээлчдийг төлөөлөн оролцож, монгол жүжигчдийн уран чадвар аль түвшинд яваа, ах дүү хоёр театрын хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрийн орны урлаг соёлоо сурталчлах, монголын уран бүтээлчдийг гадаадын улс оронд таниулах том зорилготой Якут улсыг зорих гэж байна.

 

-Энэ жүжгийг анх удаа гадаадын оронд тоглох гэж байна уу?

 

-Тийм. “Чөлөөт хос” жүжгийг анх даа гадаадын оронд тоглох гэж байна. Эндээс Якут хүртэл 6-7 мянган километр. Манай жүжиг гуравхан дүртэй. Тэр утгаараа хол замд авч явах тайз дэлгэц,  хэрэглэл багатай учраас хялбар. Нөгөөтэйгүүр гадны улс орныхон монголчуудыг таван хошуу малтай, хөдсөн дээлтэй гэж ойлгодог. Гэтэл үнэндээ XXI зуунд хөл нийлүүлэн алхаж яваа ард түмэн. Тэр хэрээрээ бүжиглэлттэй, дуулалттай, жүжиглэлттэй, яриатай орчин үеийн сэтгэлгээний жүжгээр олон нийтийг соён гэгээрүүлдэг болохыг харуулах зорилгоор “Чөлөөт хос” жүжгийг тоглохоор болсон. Мөн өнгөрөгч тавдугаар сард Булган, Шарын гол, Зүүнхараа, Дархан, Эрдэнэт, Дорнод аймгаар аялан тоглоод ирсэн. Аялан тоглолтоор явж ирээд бид тайлангаа гаргадаг. Тайлангаас харахад цөөн хүний бүрэлдэхүүнтэй, богино хэмжээний, үзүүштэй жүжиг хаана ч тоглосон хүнд хүрэх юм байна гэж дүгнэсэн. Миний хувьд театрт орсноос хойш хоёр дахь том фестивальд явах гэж байна. Өнгөрсөн жил ОХ-ын Улаан-Үд хотноо болсон “Алтан сэрэгэ” олон улсын театрын наадамд оролцож “Ромео Жульетта” жүжгийн Меркуцогийн дүрээр “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг хүртээд ирсэн. Энэ удаагийнх хоёр дахь нь болж байна.

 

-Таны хувьд энэ жүжигт гурван ч дүрд хувирдаг. Нэг дор олон дүрд хувирах хүнд үү?

 

-Мамбрето болон түүний хүү, хүүгийн найзад тоглохоос гадна эмч, автобусанд явж байгаа олны төлөөлөл гэсэн таван дүрд тоглодог. Анх хэцүү санагдах үе байсан шүү. 2014 онд анх жүжиг тавигдсан. Өнгөрсөн хугацаанд дүрдээ орох, үзэгчдийн алаг ташилтад урамшиж, тоглох ур чадварын хувьд мэдээж ахисан. Энэ миний хамгийн хайртай дүр. Театрын жүжигчид сургуулиа төгсөөд л үндсэн жүжигчин болчихдоггүй. 1-2 жилийн хугацаанд дагалдан жүжигчнээр ажиллана. Миний хувьд дагалдан байх хугацаандаа энэ дүрд ажилласан. Мөн “Ромео Жульетта” жүжгийн Меркуцогийн дүрд тоглоод УДЭТ гэх босго өндөртэй айлын үндсэн жүжигчин болох үнэмлэхээ гардаж байлаа. Театрын босгоор алхах гараа минь болсон тул Мамбретогийн дүр надад их сургууль дүүргэсний дайтай туршлага болж өгсөн учраас би энэ дүрдээ хайртай. Үзэгчид ч их гоё хүлээж авдаг. Хөдөө орон нутагт аялан тоглохоор үзэгчид Баясаа эгч бид хоёртой зэрэгцээд л “Муу сайн эрчүүд ийм шт” гэх зэргээр ярина. Жүжиг дууссаны дараа Баясаа эгчтэй зургаа авхуулах гэж “шавна”. Намайг үзэн ядсан харцаар харна. Их гоё /инээв.сур/.

 

-Үзэгчид тухайн жүжигчнийг тоглосон дүрээр нь хүлээж авах нь бий. Харин Тодгэрэл хайр сэтгэл, гэр бүлийн асуудалд Мамбретогоос өөр бодолтой биз дээ?

 

-Жүжгийн утга санаа бол “Би зөвхөн эхнэртээ хайртай. Гэвч бүсэлхийнээс доош амьдралд чөлөөтэй байж болно. Тэдэнд зүрхээ өгөхгүй тул “Чөлөөт хос”-ыг дэмжээч” гэдэгт оршдог. Гэхдээ миний хувьд бол энэ үзэл огт буудаггүй. Би гэр бүлийн асуудлыг өндөрт тавьдаг. Хайрласан, дурласан эмэгтэйгээ насан туршдаа хайрлах ёстой гэж би үздэг. Манай монголд ч гэр бүлээс гадуур харилцаа ажиглагддаг. Миний хувьд ийм зүйлийг  дэмжихгүй, тэвчихгүй.

 

-Гэр бүл төлөвлөлтийн талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-Гэр бүл гэдэг бол хүний амьдралын салшгүй чухал хэсэг. Хүн бат тогтвортой гэр бүлтэй байж гэмээнэ ажилдаа амжилт гаргана. Нийгэмд эзлэх байр суурь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг тэр бүх зүйлийн үндэс нь гэр бүл гэж би ойлгодог. Аз жаргалын үндэс нь гэр бүл.

 

-Та гэр бүлтэй юу?

 

-Гэр бүлийн амьдралыг эхлүүлэх гээд л явж байна даа. Хүсэхээр хясна гэдэг шиг асуудал байна. Залуу хүн учраас амьдрах байрнаас эхлээд асуудал тулгарах юм. Гэвч эр хүн амьдралын ноён нуруу байх ёстой гэдэг утгаараа амьдрах орон байраа бэлдэх, халуун дулаан гал голомтоо үүсгэх ёстой.  Тэгж байж тэр сайхан заяанд төрөх гэж хүүхэд өөрөө тэмүүлдэг юм болов уу гэж би боддог.

 

-УДЭТ-т хэзээнээс данстай болсон бэ? Яагаад жүжигчин мэргэжлийг сонгов?

 

-Би 2013 онд театрт ажиллаж эхэлсэн. Жүжигчин болсон тухайд багадаа би хуульч болно гэж боддог байлаа. Дараа нь шүлэг яруу найраг, уран зохиолын хичээлдээ сайн учраас ардын уран зохиолч болно гэж ч мөрөөддөг байлаа. Тэгснээ гэмт хэрэг илрүүлдэг Эрүүгийн цагдаа болно ч гэж бодож явсан. Манай удамд урлагийн хүн ганц л байдаг. Манай ээжийн төрсөн ах МУСТА Ганболд гэж хүн бий. Тэр ах маань намайг багадаа урлагийн ихэд мэдрэмжтэй байсан гэж ярьдаг юм. Тиймээс ч ээжид маань хүүгээ урлагийн хүн болгоорой гэж захидаг байсан гэсэн. Тийм учраас хувь тохиолоороо л Театр хэмээх энэхүү улаан байшинд ажиллаж байгаа болов уу гэж боддог юм.

 

-Тоглохсон гэж "асч" явдаг дүр бий биз?

 

-Дэлхийн утга зохиолын ноён оргил “Гамлет”, “Лир Ван”-ын дүрд тоглохсон гэж бодож явдаг юм. Энэ дүрүүд уран бүтээлчийн “шүүсийг” шахдаг. Тийм учраас миний тоглох нас арай болоогүй байна.

 

-Шүлэг бичдэг байсан гэв үү? Урын сандаа хичнээн шүлэгтэй вэ?

 

-Хүн болж төрснийх мод тарих, үр удмаа үлдээх, ном бичихийг мөрөөддөг л юм. Хүн болж төрснийх түүвэр өгүүллэг эсвэл ганц хүний жүжгийн болон шүлэг яруу найраг, өгүүллэгээс бүрдсэн номоо гаргахсан гэж “асч” явдаг. Өөрийн гэсэн өврийн жижиг дэвтэртэй. Зохиосон 50 орчим шүлэгтэй. Гэхдээ ойрдоо шүлэг бичсэнгүй.

 

-Айлын ганц хүү гэж сонссон. Багадаа эрх өсөв үү?

 

-Би айлын бага. Дөрвөн эгчтэй. Гарын таван хуруугаар бол би чигчий хуруу л юм даа. Би айлын ганц хүү. Гэхдээ эрх байгаагүй. Миний ээж эдийн засагч, шүүгч мэргэжилтэй.

 

 

-Ойрд ямар уран бүтээл дээр төвлөрч ажиллаж байна вэ?

 

-Түүхэн кинонд тоглохоор сахалаа ургуулж байна. Эсрэг дүрд тоглоно.

 

-Залуу уран бүтээлчийн цаашдын зорилго мөрөөдлийг сонсмоор байна.

 

-Театр өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд оршдог. Хүссэн хүсээгүй бидний үе ирж байна. Театр маш их залуужиж байна. Тиймээс театрыг нуруун дээрээ авч явна гэдэг маш том зорилго. Ахмад жүжигчдээсээ сурсан бүхнээ бид дараа үедээ өвлүүлж хэлж үлдээх учраас сайн уран бүтээлч байхсан гэж зорьж байна. Мөн Монголын театрын уран бүтээлч  Broаdway зэрэг дэлхийн зах зээлд дүр бүтээхсэн гэж мөрөөддөг. Энэ миний сэтгэлдээ тээж явдаг маш том зорилго.

 

-Уран бүтээлч хүн их эмзэг шүү дээ. Таныг юу хамгийн ихээр эмзэглүүлж байна?

 

-Манайхан хэт юманд туйлшрах юм. Жаахан тэнэг үйлдэл хийснийг нь нийгэм даяараа хөхүүлэн дэмжээд тэрийгээ сошиалын од болгож тэнгэрт гартал магтаад л. Тэгтэл бор зүрхээрээ зүтгэж яваа театрын уран  бүтээлийг түүнээс доогуур үнэлдэг. Хөдөлмөрлөж яваа залуусыг гаргаж ирэхгүй хэнд ч хэрэггүй зүйл ярьсан нэгнийг сурталчилж байгаад би эмзэглэдэг. Энэ зүйл дээр цензур тавьж, цэг тавих цаг болсон. Амьд харилцаа аав, ээж, анд найз, амраг хоёрын дунд ч байхаа болиод байна. Хосууд сэтгэл хөөрлөөр маш их салж, дунд нь хүүхэд өнчирч байна. Миний бухимддаг зүйл энэ л байна. Тэрнээс сонгууль, улс орны эдийн засаг бол биднээс хэтэрсэн зүйл.

 

-Та Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх үү?

 

-Сонгуульд маш идэвхитэй оролцдог. Гэхдээ сонгуульд нэр дэвшиж байгаа нөхдүүдэд сүжиггүй. Урлагийн байгууллагын цалин бага. Тэр утгаараа нийгмийн халамж хэцүү шүү дээ. Өнөөдөр урлагийнхныг хүмүүс телевизээр гараад, кинонд тоглоод л ихэд баян гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ бүгд л банкны зээлтэй. Залуу гэр бүлүүд айлын өрөө түрээслэдэг тийм л байна. Банкны ипотекийн зээлд хамрагдах гэхээр мянга нийгмийн даатгалаа төллөө гээд цалингийн хэмжээ хүрдэггүй. Бүгд бартерийн байртай. Насан туршдаа болон багадаа 4-5 жил тус компанийн рекламанд тоглож байж байртай болох зэрэг ийм л асуудалтай амьдардаг. Энэ бүх асуудлыг дээш нь уламжилж, цалин мөнгөний асуудлыг нэмэгдүүлэх төслийг өргөн барих “том толгойтон” сонгуульд нэр дэвшихгүй байна. Гэхдээ сонгуульд саналаа өгнө. Үзэмжээр нь л дугуйлна даа /инээв.сур/.

 

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мундаг жүжигчин шүү
2017-06-26
Зочин:
za daachadhuu daa
2017-06-21
0:
за худла битгий донгод эрчүүд худлаа сайн хүн болох гэж ингэж яарьдаг амьдрал дээр гэр бүлээс гадуур харилцаатай л байдаг шдээ
2017-06-20
Зочин:
Жужигчид узэмжээрээ юманд ханддаг сэтгэлийн хеерелтэй амьдрал мэдэхгуй кино шиг амьдрал сэтгэдэг гэдгээ илэрхийлсэн байна.
2017-06-18
Зочин:
4-5 жил рeкламанд тоглоод байртай болно гэдэг чинь амархан байна шүү дээ . Энэ боломжоо битгий алдаарай . Би хэдэн жилийн өмнө Тамгагүй төр жүжгийг изэж байсан юм байна . Драмын тeатрын хөгц хир үнэртсэн тайзнаа бага хатан хүүтэйгээ нийлээд улаан цайм юм хийгээд байхад тэр тэнэг хаан том хүүгийн эх нь хайчсан юм бүү мэд . Жүжигчид нь гэж нэг орилж хашгирсан улс намайг ёстой хашраасан шүү .
2017-06-18
huuhentei untaj uzee:
SAIN JUJIGCHIN YAG CHADLII NI GARGASAN DUR OLDOHGUI L BGAAM HARIN HUUHNUUDTEI UNTAJ UZEEE HU GOE SH DEE HARIN 50 HURSEN HOINOO BOL TAVTIRTAI BH NI ZIV SHUU
2017-06-17
Зочин:
Amidral ih meddeg bazaan be. Ugendee ezen bgarai bazaanaa
2017-06-17
kkkk:
yag zuv,
2017-06-16
eee:
Anhandaa tegej l bdag yum . he he. Huntei suugaagui bj bitgii tegej yari.
2017-06-16
kkkk:
yag zuv,