Жолооч нарыг ажилд зуучилж байна
2017-06-16

Автотээврийн үндэсний төв, “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвтэй хамтран “Ажлын байр амьдралын баталгаа” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж байна.

 

Тус өдөрлөгөөр тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын нээлттэй ажлын байрны мэдээллийг өгч, ажил хайгч иргэдийн бүртгэл, зуучлалын үйл ажиллагааг  явуулж буй ажээ.

 

Өдөрлөгийн хүрээнд ажил хайгч 75 иргэнийг бүртгэн авч, аж ахуйн нэгж байгууллагын сул орон тоонд 53 иргэнийг зуучилсан бөгөөд  мэргэшсэн жолоочийн шалгалт авч үнэмлэхийг олгожээ. Мөн жолоочийн ур чадвараа дээшлүүлэх гэж буй жолооч, тээвэрчдээ дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг бүрдүүлэн мэргэшсэн жолооны сургалтын 9 байгууллагатай хамтран ажилласан байна.

 

Энэхүү ажлын байранд бүртгэх, зуучлах үйл ажиллагаа нь цаашид хэрэгжих бөгөөд иргэд “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвд хандан тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад зуучлуулан ажиллах боломжтой ажээ.

 

Дашрамд дурдахад улс хоорондын ачаа тээвэрлэлтэд оролцох 1500 орчим жолооч шаардлагатай байгаа бөгөөд 1,5–2 сая төгрөгийн цалинтай ажилладаг юм байна. Ажлын байрны мэдээ, мэдээллийг http://www.jobagency.mn/ цахим хаягаар болон “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвийн 9910-9153, 8820-0017, 9664-2923  утсаар лавлах боломжтой.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин