Өөрчлөлт
2017-06-20

Швейцарь, Италийн давхар иргэншилтэй Жианни Инфантино ОУХБХ-г удирдаж эхэлсэн цагаас хөлбөмбөгийн спортод хийх томоохон шинэчлэлүүдийн талаар ярьж эхэлсэн. Үүний нэг баталгаа нь Хөлбөмбөгийн ДАШТ-нд 48 баг оролцдог болох нь бараг тодорхой болоод байгаа. Тэгвэл түүний гүйцэтгэх зөвлөлд өгсөн өөр нэгэн даалгавар нь”Хөлбөмбөгийн спортын шинэчлэлийн төсөл”-ийг боловсруулах явдал байсан юм.

 

 

Улмаар гүйцэтгэх зөвлөлийг гишүүд хагас жил шахам хугацаанд ажиллаж, боломжит шинэчлэлийн төслөө гаргаж дууссан байна. “Шударга тоглолт” нэртэй энэ төсөлд их бага хэмжээний 10 гаруй дүрмийн өөрчлөлт багтаад байгаагаас хамгийн их анхаарал татаж байгаа нь тоглолтын цаг.

 

Анх 1863 онд Английн хөлбөмбөгийн холбооноос хөлбөмбөгийн анхны албан ёсны дүрмийг гаргасан байдаг бөгөөд үүнээс 3 жилийн дараа Лондон-Шеффилд хотын багууд анхны 90 минутын тоглолтыг хийж байсан түүхтэй. Тэгвэл энэ цагаас хойш Дэлхий даяар мөрдөгдөж байсан 90 минутын дүрмийг 60 минут болгож өөрчлөхөөр уг төсөлд оруулжээ.

 

Бидний хэлж заншсанаар бохир 90 минутын хугацаа цэвэр 60 минут болж өөрчлөгдөх магадлалтай гэсэн үг. Ийм учраас бөмбөг талбайгаас гарсан үед цагийг зогсоож байх өөрчлөлт ч мөн багтсан байна. Энэ нь мөн торгуулийн болон булангийн цохилт, чөлөөт цохилт хийхийн өмнөх бөмбөг идэвхгүй үед ч хамаатай гэсэн байна.

 

Гэхдээ энэ олон өөрчлөлтүүд хийгдэх эсэх нь тодорхойгүй. ОУХБХ-ноос зарим өөрчлөлтүүдийг туршиж үзэж болох ч жинхэнэ өөрчлөлт хийхэд багагүй хугацаа, багагүй эсрэгүүцэлтэй тулгарах нь гарцаагүй биз ээ.   

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин