Канад тулаанч Тим Хейг нас баржээ
2017-06-20

 

UFC-н тулаанч Тим Хейг өнгөрсөн баасан гарагт мэргэжлийн боксын замналын 4 дэх тулаандаа орсон. Тэрбээр өөрийн төрөлх Канад улсдаа нутаг нэгт тамирчин Адам Брэйдвүүдийн эсрэг тулсан бөгөөд хүнд жингийн тамирчдын тулаан удаан үргэлжлээгүй юм. Эхний 2 раундад Америк хөлбөмбөгчин Брэйдвүүд илт илүүрхэж, 5 удаа хүнд цохилтод оруулсан бөгөөд шүүгч тоглолтыг зогсоосон байна.

 

Хэдийгээр Тим Хейг рингнээс өөрөө алхаж буусан ч удалгүй бие нь муудан, ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн юм.  Харамсалтай нь 34 настай тулаанч эмнэлэгт хоёр хоноод амьсгал хураасан байна. 193 см өндөр, 120 гаруй кг жинтэй аварга эрийн энэ үхэл Хойд Америк даяар олон хүнийг цочролд оруулаад байна.

 

Анх 2006 оноос холимог тулаанаар хичээллэж эхэлсэн тэрбээр 2009-2011 он хүртэл UFC-н дэвжээнд нийт 34 тулаан хийснээс 21 ялалт авч байсан юм. Харин мэргэжлийн боксчны замнал түүнд ээлгүй байж өмнөх 3 тулаанаас нэг л ялалтыг аваад байсан юм.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин