Дорноговийн Мандах, Хатанбулаг сум төвийн эрчим хүчинд холбогдлоо
2017-06-20

Photo

 

Оюутолгойгоос Цагаан суваргын зэсийн орд чиглэлийн 160 км урт, 220 кВ-ын ЦДАШ ашиглалтад орж, энэ хүрээнд Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сум төвийн эрчим хүчний системд холбогдлоо.

 

Сумдын иргэд гэрэл цахилгаантай болсондоо сэтгэл хангалуун байна. Цагийн хязгаарлалттайгаар дизелиэр тог цахилгаанаа хангах төдий аргацааж байсан Мандах, Хатанбулаг сумынхан цаашид мэдээллийг хүлээн авах, эрчим хүчийг ашиглаж аж ахуй эрхлэх, амьжиргаагаа сайжруулах, эрчим хүчинд суурилсан дэвшилтэд техник, технологи хэрэглэх зэрэг томоохон боломж бүрдэж буйг онцлов. 

 

 

 

 

 

 

 

Мандах сум 2000 гаруй хүн амтай. Тус суманд өмнө нь нарны сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр суурилуулж  гэрэл цахилгаан түгээдэг байсан ч, эвдэрч ажиллахгүй болоод уджээ. Тиймээс дизелиэр өдөртөө хэдэн цагийн гэрэл түгээдэг байсан аж. Харин Хатанбулаг сум 3000 гаруй хүн амтай, дизель асааж цахилгаанаа хангадаг байжээ.

 

          Нутгийн иргэд “Гэрэл дагаж хөгжил гэдэг. Нутагт минь гэрэл асаж, хөгжлийн үндэс тавигдлаа. Тог цахилгаанаа дагасан олон бүтээн байгуулалтцаашид өрнөнө гэдэгт итгэлтэй байна. Энэ сайхан ажлыг хийж өгсөн УИХ-ын гишүүд, Эрчим хүчний салбарынхан болон, аймгийнхаа удирдлагуудад талархаснаа илэрхийлье” гэв.

 

Оюутолгойгоос Цагаан суварга руу чиглэсэн 220  кВ-ын 160 км агаарын шугам барих төслийн хүрээнд Цагаан суваргаас Хатанбулаг сум руу чиглэсэн 120 км-ийн 35 кВ-ын агаарын шугам, Цагаан суваргаас Мандах сум руу чиглэсэн 22 кВ-ын агаарын шугамыг баригдсан. Цахилгаан дамжуулах агаарын шугамыг "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, "Эрчмийн-Ундраа"ХХК, "Баясах төгс"ХХК, "Илч хангай", ХХК,  "Энерги- Эрчим" ХХК гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгч байна.

 

 

 

Сумдыг төвийн эрчим хүчинд холбох ёслолын ажиллагаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Мандах сумын Засаг дарга Н.Отгонбаяр, “МАК” ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир болон нутгийн иргэд оролцов.

Shuud.mn
Сонин хачин