“Улаанбаатар цом”-д 10 орны боксчин тулалдана
2017-06-20

Сонирхогчдын боксын "Улаанбаатар цом" олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо зургадугаар сарын 21-25-нд Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт болно.

 

Улаанбаатар хотноо 1969 оноос эхлэн 2000 он хүртэл 26 удаа зохион байгуулсан энэхүү боксын олон улсын уламжлалт тэмцээнийг Монголын боксын холбоонос дахин сэргээж 2016 онд “Улаанбаатар цом” нэртэйгээр 27 дахь удаагаа зохион байгуулсан.

 

Энэ жил 28 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Уг тэмцээнд оролцохоор 9 орны боксчин манай улсад иржээ. Энэхүү олон улсын тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ тэргүүтэй 10 орны нийт 121 боксчин аваргын төлөө өрсөлдөх юм байна.

 

Тэмцээнд манай улсаас олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Түвшинбат, “Рио 2016” наадмын тавдугаар байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатар нараас бусад  40 тамирчин хүч, ур чадвараа сорих аж.

 

Тэмцээнийг зохион байгуулахад Засгийн газрын шийдвэрээр төсвөөс 80 сая төгрөг зарцуулж буй аж. Энэ тэмцээн ирэх наймдугаар сард Германд болох ДАШТ-ий өмнөх чухал сорил болохыг мэргэжилтнүүд онцолж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин