Тав дахь Ерөнхийлөгчөө сонгоцгооё
2017-06-26

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт өнөөдөр явагдаж байна.  Тиймээс сонгогч бид төрийн тэргүүнээ сонгох нэн хариуцлагатай үүргийг хүлээж байгаа билээ.

 

Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улс төрийн хүчнүүд оролцож, нэр дэвшигчээ өрсөлдүүлдэг. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад МАН, АН, МАХН гэсэн гурван улс төрийн хүчин суудал авсан. Тиймээс ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, АН-аас  УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-наас УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар тус тус нэр дэвшин өрсөлдөж байна.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны 18 хоногийн хугацаанд дээрх нэр дэвшигчид 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээр явж,  сонгогчдод намтар, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, уулзалт зохион байгуулан, хэвлэл мэдээллээр мэтгэлцэж, өөрсдийгөө сурталчилсан.

 

Харин өнөөдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр хэнийг сонгох вэ гэсэн сонголтыг сонгогч бид хийж байна.

 

Үндсэн хуулиндаа бид “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн,  Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж тунхагласан. Монгол Улсын  Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж,  Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг.  

 

Монгол Улсын Ерөнхийлөгч нийт сонгогчдын олонхийн саналаар сонгогдог хуультай.  Бүртгэлийн байгууллагын гаргасан дүнгээр энэ сонгуульд сонгогчийн эрхтэй 1.9 сая иргэн бүртгэгджээ. Гурван сая гаруй Монгол Улсын иргэний 3/2 нь сонгогчийн эрхтэй гэсэн үг.  Энэ ч утгаараа Монгол Улсын төрийн тэргүүн бүх ард түмнээсээ сонгогдсоор ирсэн, энэ удаа ч сонгогдох гэж байна. Басхүү “Миний ард түмэн” гэж ярих эрх зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хадгалагддаг. Тиймээс ч сонгогч бид үе үеийн Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа хүндэтгэлтэй хандсаар  ирсэн билээ.

 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд  14 тэрбум төгрөг төсөвлөсөн.  Эдүгээ Сонгуулийн төв байгууллага Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хороог байгуулж, санал тоолох автомат машиныг байршуулж, саналыг хуудсыг хүргүүлэн бэлтгэл ажлыг бүрэн ханган, сонгогчдын саналыг авч эхлээд байна. 

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 07:00-22:00 цаг хүртэл үргэлжлэх хэдий ч Сонгогч та хурууны хээ, иргэний үнэмлэхийн лавлагаагаар  харъяа сонгуулийн хэсгийн хоорондоо очиж, саналаа өгөхөөр яараарай.

 

Ирэх дөрвөн жилд Азийн цээжинд орших Монгол Улсын төрийг хэн тэргүүлэх вэ? Сонгогч таны сонголт мэргэн байг ээ. 

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
иргэний үүргээ биелүүлж эрхээ эдэлж сонгуульдаа идэвхтэй оролцмоор байна залуучуудаа
2017-06-26
zochin:
Ganbaatar ok nice i Battulga ok
2017-06-26
Зочин:
Монголчууд монголоо сонгоно!
2017-06-26