Сонгууль: Залуус саналаа идэвхитэй өгч байна
2017-06-26

Монголын ард түмний хувьд өнөөдөр /2017.06.26/ улсынхаа тав дахь Ерөнхийлөгчийг сонгох түүхэн өдөр тохиож байна.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Сонгуулийн санал хураалт өглөө 07.00 цагт эхэлсэн. Өглөөний 09.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо буюу сонгуулийн санал авах 1839 дугаар хэсгийн төв жижиг байранд олон хүн цугларсан, саналаа өгөхөөр хөгшид, залуус дугаарлан зогссон байлаа.

 

Сүүлийн жилүүдэд УИХ, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд залуусын идэвхи сул байгааг ажиглагчид хэлдэг. Харин өнөөдөр өглөөний байдлаар залуус сонгуульд идэвхитэй оролцож, саналаа өгч байгаа талаар тус хэсгийн зохион байгуулагч хэлж байлаа.

 

Саналаа өгөхөөр ирсэн залуус энгийн л өдөр тутмын европ хувцсаа өмссөн байвал харин өндөр настнууд хэрэг болгон гоёж, энгэртээ одон медалиа зүүсэн байгаа нь төрт ёсны сонгуульд ихэд хүндэтгэлтэй хандаж буй нь илхэн. Тэдний нэг өндөр настан Г.Наранцэцэгтэй саналаа өгсөн даруйд нь цөөн хором ярилцлаа.

 

-Та хэдэн цагт ирсэн бэ?

 

-Би өглөө 07.45 болж байхад энэ санал авах байранд ирсэн. Намайг ирэхэд цөөн хэдэн миний насныхан зогсож байсан одоо хүмүүс нэмэгдэж байна.  Ямар ч байсан иргэний үүргээ гүйцэтгэж саналаа өгчихөөд зогсож байна даа.

 

-Их гоё цэнхэр торгон дээлээр гоёсон байна?

 

-Төрөө хүндэтгэж хиргүй, уранхайгүй хувцсаар гоёхыг л хичээлээ. Тэгсэн хүүхдүүд ээж тогос шиг гоёчихож гээд шоолох янзтай. Ер нь бид залуу байхдаа бүрэн бүтэн, гоё сайхнаараа хувцаслаад л ирж саналаа өгдөг байлаа даа.

 

-Залуучуудад хандаж юуг зөвлөмөөр байна вэ?

 

-Жил жилийн сонгуулийг ажиглаад байхад залуучууд их л залхуу хойрог хандаад байх шиг санагддаг. Ер нь сонгуулиа заавал өгөх ёстой. Энэ чинь иргэн хүний үүрэг шүү дээ. Энэ удаагийн сонгуульд зайлшгүй саналаа өгөх хэрэгтэй. Учир нь төрийн тэргүүнээ сонгоход хүн бүрийн санал чухал. Тэгж гэмээнэ улс эх орны цаашдын ирээдүйн сайн сайхан хувь заяа шийдэгдэнэ. Тиймээс хүүхдүүд минь саналаа өгөөрэй л гэж хэлэх байна даа.

 

Харин залуучуудын төлөөлөл  Э.Мягмарцэнд “Энэ бол зүгээр нэг баг, хороо, сум дүүргийн сонгууль биш, Монгол Улсын цаашдын хувь заяа, залуус бид ирээдүйд сайн сайхан амьдрах, эсхүл эсрэгээрээ хар бараан нийгэмд амьдрах эсэхийг шийдэх хүнийг сонгох сонгууль тул залуус гэлтгүй хүн бүр саналаа өгөх ёстой. Ажиглаад байхад жил бүрийн сонгуульд залуусын идэвхи сул байгааг онцолж, залуучуудаас болж л буруу хүн сонгогдсон мэт дараа нь ярих болж. Энэ үнэний ортой ч байж болох. Тиймээс л залуучуудаа бид сонгуульд идэвхитэй оролцож, саналаө өгөх шаардлагатай байна гэж хэлмээр байна” хэмээлээ.

 

 

Тус санал авах байранд саналын хуудас бөглөх 3 ширээ, саналын хуудсыг уншуулах 2 төхөөрөмж байршуулсан байна. Хөгшчүүд саналын хуудас хураах төхөөрөмжид хуудсаа хийхдээ хэрхэхээ мэдэхгүй будилах асуудал цөөнгүй ажиглагдав. Харин хэсгийн ажиглагчид тэдэнд сайтар зааж зөвлөж, саналаа өгсөн даруйд нь сонгогч бүрийн хумсанд бэхэн тэмдэглэгээ түрхэж байна.  

 

Тус байранд нийт 10 хүн ажиллаж байна. Ахлах зохион байгуулагч 1, зохион байгуулагч 6, иргэний бүртгэлийн ажилтан 2, мэдээлэл технологийн даамал 1 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр санал хураах байранд ажиллаж байлаа. 

 

 

Санал өгөхөд иргэн бичиг баримттайгаа ирнэ. Иргэний үнэмлэхээ солиулах эсвэл хугацааг нь сунгуулахаар хүлээгдэж буй иргэд хурууны хээгээ уншуулаад саналаа өгөх боломжтой юм. Хурууны хээгээ уншуулахад тухайн иргэний бүхий л мэдээлэл дэлгэцэнд харагдаж, санал хураах байранд ажиллаж буй ажилчид шаардлагатай мэдээллийг бүрэн дүүрэн олж авч байна. Бичиг баримт гэлтгүй хурууны хээгээ уншуулаад л саналаа өгч буй нь иргэдэд хүндрэл чирэгдэлгүй байгааг онцолж байлаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин