”Говь” ХК-ийн захирал НОБГ-т 16 сая төгрөг хандивлалаа
2017-06-29

 

"Говь" ХК-ийн үйлдвэрийн байранд /2017.06.14/ гал гарч, багагүй хохирол учруулсан. Гал түймрийг унтраахаар Онцгой байдлын 1500 гаруй албан хаагч 10 цаг ажиллаж, галыг унтраасан билээ. Галын улмаас хохирсон "Говь" ХК-д туслах аян нийгмийн сүлжээнд өрнөсөн бөгөөд  тус компанийн зүгээс  хандивын данс нээж,  цугларсан мөнгөний 50 хувийг онцгой байдлын албанд гал унтраах тоног төхөөрөмжийн туслалцаа болгон өгнө гэдгээ  мэдэгдэж байсан.

 

Тэгвэл "Говь" ХК-ийн захирал Ц.Баатарсайхан  өчигдөр /2017.06.28/ нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагийг хүлээн авч талархал илэрхийлсэн байна. Уулзалтын үеэр тус компанийн хамт олны зүгээс 16 сая төгрөгийг хандивлаж буйг уламжлан, гардуулжээ.

 

"Говь" ХК-ийн захирал Ц.Баатарсайхан “Онцгойгийнхон маань цаг алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн барилгын дотор хэсэгт гал түймэрт авталгүй хохиролд багатай өнгөрсөн. Одоо үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч байна. Гал түймрийн голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан та бүхэнд гүн талархалаа илэрхийлж "Говь" ХК-ийн хамт олноос 16 сая төгрөгийг хандивлаж байна. Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж байгаа танай газрын нийт бие бүрэлдэхүүнд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” хэмээв.

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр “Монгол улсын үндэсний томоохон үйлдвэр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаад баяртай байна. Та бүхний сэтгэлийн хандив нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх багаж, техник хэрэслийг нэмэгдүүлэхэд нэмэр тустай байх болно. Танай хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

 

Гал сөнөөгчид олон цагийн турш идэвхи зүтгэл гарган, эр зориг, авхаалж самбаагаа дайчлан, иргэдийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, багаараа шуурхай ажиллан, барилгын дээврийн хэсэгт гарсан гал түймрийг газар авхуулалгүй, барилга доторхи үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд зүйлсийг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж ажилласан билээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манай Умбаа гялалзуулаад өгнө өө. Баяр хүргэе.
2017-07-01
zochin:
sain bna. Ontsgoigiinhon mundag shuu
2017-06-29
зочин:
шоудаагүй ийм зүйл хэрэгтэй байна даа.
2017-06-29
solongo:
2 tald 2 uuland ni bayr amjilt huse, Mongolchuud iim l baibal bie biende tuslah hairlah hundleh uchuuhneer ch tus bolson negniihee setgeliin aguug olgoj baibal Mongol uls hugjinu
2017-06-29