Мотоциклийн ослоор 12 хүн амь нас хохирчээ
2017-06-29

Зам тээврийн ослын улмаас өчигдөр /2017.06.28/ 9 хүн гэмтсэн байна. 

 

Тухайлбал Нарны гүүрийн баруун замд T.Prius-30 маркийн автомашин Honda маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 21 настай А гэмтжээ.

 

Улсын хэмжээнд 2017 он гарсаар эхний 5 сарын байдлаар мотоцикльтой холбогдсон осол нийт 44 бүртгэгдсэн бөгөөд үүнээс 12 нь нийслэлд, 32 нь орон нутагт үйлдэгдэж, ослын улмаас 12 хүний амь нас хохирч, 32 хүн ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн харамсалтай үзүүлэлт байна.

 

Сүүлийн жилүүдэд иргэд тэр дундаа залуучууд хоёр болон дөрвөн дугуйт мотоциклийг ихээр унаж хэрэглэх болсон. Зарим иргэдийн хувьд мопед, мотоциклийг тээврийн хэрэгсэл биш гэх буруу бодол ч байдаг.

 

МУ-ын Замын хөдөлгөөний дүрэмд:

 

  • “Механикжсан тээврийн хэрэгсэл гэж мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон бүх төрлийн тээврийн хэрэгсэл,

 

  • Мопед гэж 50 см3-ээс илүүгүй ажлын багтаамжтай хөдөлгүүр бүхий хоёр буюу гурван дугуйтай, техникийн хурд нь цагт 50 км-ээс ихгүй тээврийн хэрэгсэл,

 

  • Мотоцикль гэж шаахайтай буюу шаахайгүй хоёр дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл. Энд өөрийн жин нь 400 кг-аас хэтрэхгүй гурав буюу дөрвөн дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна” гэж заасан байдаг.

 

Мөн мотоциклийг 18-аас дээш насны, “А” #ангилалтай жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох дүрэмтэй юм. Мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцогч нь хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй бөгөөд зориулалтын гишгүүр, зорчигчийн барих бариул байхгүй болсон тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглосон байдаг.

 

Иймд иргэд мотоцикль жолоодохдоо дүрмээ баримтлан бусад хөдөлгөөнд оролцогчдыг хүндэтгэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.

Shuud.mn
Сонин хачин