Б.Найдалаа: Хөгжлийн бодлого гэдэг цагаан дээр хараар бичиж хадгалдаг цаас биш
2017-07-03

Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор эдийн засагч Б.Найдалааг урьж ярилцлаа.

 

ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙН ӨНГӨН ХЭСЭГ

 

-Хөгжлийн тухай мэдлэгтэй хүнд Монгол Улс бол атаархмаар баялаг. Учир нь хүсэл тэмүүлэлтэй, авьяаслаг залуу ард түмэнтэй.  Мөн өргөн уудам нутаг, байгалийн баялаг бий. Түүнчлэн олон мянган жил төрт тогтолцоонд захирагдаж ирсэн өвөрмөц соёлтой. Энэ бүхэн бусад улс орны хувьд хэзээ ч давтагдашгүй зүйл.

 

Жишээлбэл, Африк, Латин Америкийн орнууд хөгжлийн суурь хөрсийг бий болгохын тулд хөдөлмөрлөдөг. Гэтэл бидэнд суурь хөрс маань бэлэн байна. Маш богино хугацаанд хөгжих боломжтой.

 

Харамсалтай нь бид хөгжлийн гол агуулгыг ойлгоогүйгээс улсаа хөгжүүлэх ухагдахууныг тодорхойлж чадахгүй байна. Тухайлбал, эдийн засаг хөгжсөнөөр улс хөгжих мэтээр харж байгаа нь өрөөсгөл. Үнэн хэрэгтээ аливаа зүйлийн хэлбэрт бус бодит чанарт анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед эдийн засгийг солонгоруулах тухай ярьж байна. Ингэхдээ “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” төслийг тойруулан жижигхэн асуудлыг хөнддөг болсон. Харамсалтай нь энэ хөгжлийн гарц огт биш.

 

ЭРХ БАРИГЧ, БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧИД НЬ ЖИЖИГ АСУУДЛААСАА САЛ

 

-Монгол хүн өөрийн хийж чадах зүйлийг чин сэтгэлээсээ хийснээр улсын хөгжилд эергээр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, өрхийн тэргүүн гал тогооныхоо асуудалтай зууралдаад, хүүхдүүд нь захирч эхэлбэл тэр айл өсч дэвжихгүйг монголчууд мэддэг. Төрийн эрх барьж, бодлого боловсруулж байгаа хүмүүс нь жижиг асуудлаасаа салж чадахгүй байгаа нь хөгжлийг боомилж буй хэлбэр. Тэгэхээр хэн юу хийх ёстой вэ, түүнийгээ л гүйцэтгэл сайтай хий. Ингэснээр улсаа хөгжүүлэх болно шүү дээ.

 

Бас нэг зүйл нь улс төржилт хэрээс хэтэрч байна. Энэ нь энгийн хүмүүсээс хамаараагүй. Аж ахуйн нэгжийг удирдлага нь зөв менежментээр удирдаж чадвал амжилтад хүрдэг. Үүнтэй нэгэн адил төрд байгаа хүмүүсийн чадамжгүй, алсын хараагүйгээс өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэж боддог. Өөрөөр хэлбэл, алсын хараатай, мэдлэг боловсролтой хүн улсын хөгжлийн хөрс нь юу вэ, хэрэгжүүлэхэд юу шаардлагатай вэ гэдгээ судалсан байдаг. Хэдийгээр олон нийт хэлж чадахгүй ч болохгүй байгааг мэдэрч байна. Тиймээс нийгэмд бухимдал их байгаа юм шүү дээ. Эцсийн дүндээ улс орон хөгжихийн тулд төрөө засах шаардлагатай. Төрд хамгийн чадалтай хүмүүсийг ажиллуулдаг системтэй болох хэрэгтэй.

 

Төрийн засаглалыг сайжруулахгүйгээр том төслүүдээ хөдөлгөх нь аюулд орох эрсдлийг нэмдэг. Баялгаа илрүүлж шинэ орд нээснийхээ хэрээр улам ядуурна. Үүнийг гадны улс орны туршлагаас харж болно.

 

Тэгэхээр бидэнд цааш явах хоёр зам бий. Нэгдүгээрт төрөө засаад эрүүлээр хөгжих боломжтой. Хоёрдугаарт, одоогийн сул засаглал нь байгалийн баялгаа тойрсон үймээнтэй, гадныхнаас хараат байдлаасаа гарч чадахгүй байсаар хөгжлийн гацаанд орно.

 

ТӨРИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

 

-Америк XIX-XX зууны зааг дээр хэт улстөржсөн засаглалтай байсан. Үүнийг сайжруулахын тулд 30 жилийг зарцуулсан байдаг. Тэгэхээр манай улсын хувьд энэ ажлыг хийж эхлэх зайлшгүй шаардлага бий. Засаглалыг сайжруулахын тулд улстөрчид гол ухагдахуунаа ойлгох хэрэгтэй. Эцсийн дүндээ том төслүүдийг хөдөлгөхөөс илүүтэй төрийн албыг шинэчилснээр гацаанд байгаа төслүүд урсгалаараа хөдлөх болно. Өөрөөр хэлбэл, асуудлын эрэмбийг ойлгодог хүмүүс нь төрд ажиллах цаг болсон гэсэн үг. Хэрэв улсаа хөгжүүлэхийг хүсч байгаа бол төрийн шинэчлэлийг эхлүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл, ямар ч хууль дүрэм журам хэрэгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь төрийн түшээд нь үлгэрлэл үзүүлэхгүй байгаатай холбоотой. Улс төрийн лидерүүд нь энгийн иргэдээ түүчээлэх ёстой.

 

Улс төрийн нам ямар нэгэн шалгуургүйгээр хүмүүсийг удирдаж, боловсруулан төрийн албанд амжилттайгаар зүтгэх боловсон хүчнийг төрүүлдэг тогтолцоотой. Гэхдээ одоогийн нөхцөлд албан тушаал, эрх мэдлийн төлөө уралддаг бүтэц болсон байгаа нь харамсалтай. Энэ нь хөгжлийг мухардалд оруулах хүчин зүйл болно. Учир нь бид сүүлийн үед болж байгаа сонгуулийн үйл явцаас үүнийг тодорхой харлаа. Тэгэхээр төрийн албыг шинэчлэх, төрийг засах ажлыг улс төрийн сонголтоор хийнэ. Үүний тулд шинэчлэлийг хийж чадах улстөрчдийн үе хэрэгтэй.

 

Хөгжил гэдэг урсгалаараа ороод ирэх зүйл мэтээр ойлгодог сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. 1990 онд зах зээлийн нийгэмд шилжих тэр үеэс чөлөөт эдийн засаг нь бүхий л зүйлийг зохицуулан хөгжинө хэмээн гэнэнээр төсөөлж байсан. Энэ нь лидерүүдээс шалтгаалдаг юм шүү дээ. Хэдийгээр залуу боловсон хүчнээр хүч сэлбэж байгаа ч сэтгэлгээний хувьд хуучин үеэсээ салаагүй байна. Тийм болохоор шинэ хандлага хэрэгтэй байгаа юм.

 

МЭДЛЭГ ШИНГЭСЭН, ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН САЛБАРАА ХӨГЖҮҮЛ

 

Бид сүүлийн үед үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгийг солонгоруулах тухай ярьж байна. Үйлдвэрлэлээ дэмжихийн тулд импортын бүтээгдэхүүнийг татвартай болгож дотоодын зах зээлийг хамгаалах шийдвэр гаргаж байсан. Гэвч энэ нь тийм ч оновчтой шийдэл биш гэдгийг Латин Америкийн туршлагаас харж болно. Манай улс цөөхөн хүн амтай учраас хүний хөдөлмөр бага орж, мэдлэг шингэсэн, технологид суурилсан салбараа хөгжүүлэх нь илүү өгөөжтэй байна гэж хардаг. Энэ салбарыг хөгжүүлэхэд ажлын байр нэмэгдэхгүй мэт харагдаж магадгүй. Гэхдээ аливаа улс оронд жижиг, дунд үйлдвэрлэл ажлын байрыг олноор бий болгодог юм. Мэдээж үүнийг бэхжүүлэхийн тулд төрөөс бодитой бодлого баримтлан ажиллах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид санхүүгийн эх үүсвэрийг нь бүрдүүлэх боломжийг олгох хэрэгтэй. Ингэхдээ тусламж өгөх, хүчээр бууруулсан зээл олгох гэх мэт арга нь явуургүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харууллаа. Тэгэхээр зээлийн хүүг бууруулах механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Харамсалтай нь зээлийн хүү буурахгүй байгаа шалтгаан нь арилжааны банкнаас хамаарч байгаа мэтээр ойлгодог. Үнэн хэрэгтээ төр хийгээд төрийн бодлого нь тогтворгүй байгаагаас үүдэлтэйгээр энгийн иргэд хохирч байгаа юм.

 

Манай улсын хувьд хөгжихөд саад учруулж байгаа олон хүчин зүйл бий. Түүний нэг нь яалт ч үгүй олон толгойтой, нэгдсэн бодлогод зангидагдаж чадахгүй байгаатай шууд холбоотой. Хөгжил гэж юу вэ, эдийн засгийг яаж хөгжүүлдэг вэ гэдэг ухагдахуунаа ойлгож амжаагүй улстөрчдөөр удирдуулж байгаа цагт улсын хөгжлийн тухай ярих нь зохимжгүй.

 

ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ЧУХАЛ

 

Улсыг хөгжүүлэх нэгдсэн стратеги, төлөвлөгөө хэрэгтэй байна. Гаргасан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх нэгдсэн хүч бас чухал. Ингэхдээ Монгол Улс хөгжихийн тулд аль салбараа хөгжүүлж, эхлээд юу хийх вэ гэдгээ тодорхойлон нэгдсэн бодлогоор зөвшөөрөх шаардлагатай. Ер нь хөгжлийн бодлого гэдэг нь цагаан дээр хараар бичиж хадгалдаг цаас биш. Бид өмнө нь хэн нэгэн даргын хүсэлд нийцсэн төлөвлөгөө боловсруулан цаас болгож хадгалсан баримтууд олон бий шүү дээ.

 

Аль ч улс иргэнээ хөгжүүлж баялаг бүтээдэг юм билээ. Яагаад гэвэл, хөгжиж чадсан хүн улсаа хөгжүүлэхийн тулд юу хийх вэ гэдгээ тодорхойлж, нэн тэргүүнд хийх ажлаа эрэмбэлж чаддаг. Жишээлбэл, ХХ зуунд манай улс хөгжиж ирсэн түүх нь одоогийн бидний яриад байгаа хөгжлийн гарцыг тодорхой харуулж байна. Бусад улстай харьцуулахад маргахын аргагүйгээр хөгжлийн үндсэн ухагдахуунд суурилсан бодлогоор удирдаж хөгжүүлсэн байдаг юм. Тухайн үед улс орныг нэг нам удирдаж байсан. Тэр нь шударга боловсон хүчний бодлого явуулж байсан гэж боддог. Чадвартай бол малчны хүүхэд, энгийн ажилчны хүүхэд байхаас үл хамааран ажилд томилж хариуцлага тооцдог байсан юм билээ. Энэ аргаар одоогийн өндөр хөгжилтэй орнууд замнаж ирсэн түүх бий.

 

Алсын зорилго дээр нэгдсэн бол зөвшилцөлд хүрнэ. Харин ойрын сонирхол дээр нэгдвэл хуйвалдаан болно гэдэг шүү дээ. Тэгэхээр монгол хүн ямар байх ёстой вэ гэдгээ тодорхойлох нь бас л чухал асуудал. Үүнийхээ дараа аль салбарт ямар ажлыг хийж хэрэгжүүлэх нь хөгжих боломжийг бүрдүүлэх вэ гэдэг нь маш тодорхой болох юм.

 

Өнгөрсөн парламентийн үед Боловсролын салбарт “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хэдий ч энэ хөтөлбөрийг маш зөв зүйл байсан гэдэгт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, салбарын сайд нь итгээгүй байгаагаас таслан зогсоосон юм болов уу. Гэхдээ энэ хөтөлбөрийн агуулга нь маш сайн байсан гэж боддог. Харин хэрэгжүүлэхдээ “Зөв монгол хүн” нэрийн дор зөвхөн нэг салбарт бус улсын хэмжээнд авч үзэх хэрэгтэй байсан. Яагаад гэвэл, томчуудад ч бас сурах зүйл олон бий. Монгол Улс хөгжихийн тулд хувь хүн ямар төвшинд хөгжсөн байх шаардлагатай вэ гэдгээ тодорхойлох нь зүйтэй.

 

ЭДИЙН ЗАСАГ ГЭДЭГ ЗӨВХӨН ТОО

 

Эцэст нь хэлэхэд улс орны хөгжлийг дан ганц эдийн засагтай холбож тайлбарлах бас ойлгох хэрэггүй. Эдийн засаг гэдэг зөвхөн тоо. Энэ тоо зөв бас үнэнд нийцсэн бодитой байх ёстой. Ингэснээр санхүүгийн салбараа хөгжүүлэх учиртай. Аль ч улс орны хувьд санхүүгийн салбар нь хөгжихгүйгээр улс нь хөгждөггүй. Бас санхүүгийн салбарт бонд босгох төдийхнөөр мөнгө босгочихоод эдийн засгийн хөгжүүлсэн мэтээр тодорхойлох хэрэггүй. Ер нь бонд босгосон хөрөнгөөр улсыг хөгжүүлнэ гэдэг өрөөсгөл ойлголт. Мэдээж санаа нь зөв ч тэрхүү хөрөнгийг үр өгөөжтэй зарцуулах төлөвлөгөөгүй байснаас зарцуулалтын механизм буруу байсан гэж боддог.

 

Мөн гадны банк орж ирнэ, ирэхгүй гэж нэлээд маргадаг. Магадгүй ингэж суухын оронд хэрэв гадны банк орж ирвэл бид ямар эрх зүйн зохицуулалт хийх вэ. Юунд анхаарах ёстой вэ гэдгээ судалж мэдсэн байх шаардлагатай. Гэвч зургаан жилийн өмнөхтэйгээ яг адилхан төвшинд мэдээлэлтэй байх бөгөөд маргаан тасрахгүй л байгаа юм шүү дээ.

 

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
HYALBARSHUULDAG MERGEJLTENGUI BOLHOOR TSAAS BOLJ
2017-07-14
Зочин:
Жинхэнэ мөнгөөр бөгсөө худалддаг хоёр бол Найдалаа, Доржханд 2. Хүн намд байхдаа сонгуулийн өмнө их хурлын суудал зарж байгаад баригдаад энэ нам 2 хуваагдсан түүхтэй. Наанаа гоё шударга дүр үзүүлээд цаанаа бөгсөө худалддаг учраас хүмүүс Найдалаад дургуй байдаг юм. Сонгууль болохоор л ичээнээсээ гарч хүн гүтгэдэг гарууд.
2017-07-06