Ахлах сургуулийн багшаас Дэлхийн аварга
2017-07-03

 

Мэргэжлийн боксын WBO холбооны 66 кг-ийн жингийн Дэлхийн аваргын тулаан өнгөрсөн ням гарагт болж өндөрлөлөө. Аварга цол хамгаалагч Филиппиний нэрт тулаан Мэнни Пакъяо энэ удаад Австралийн тамирчин Жефф Хорны эсрэг тулсан юм. Ногоон тивийн Брисбэйн хотын Санкорп цэнгэлдэхэд болсон уг тоглолтыг Жефф Хорны 50 гаруй мянган дэмжигч ирж сонирхсон байна.

 

Дэлхийн аварга цолын төлөөх тоглолтыг төрөлх хотдоо хүлээн авсан Хорн олдсон боломжоо алдахыг хүсэхгүй байсан бөгөөд 12 раунд үргэлжилсэн тоглолтын 7 үед нь өрсөлдөгчөөсөө илүү оноо авсан байна. Улмаар нэгдсэн дүн гарахад 111-117, 113-115, 113-115 гэсэн харьцаатайгаар Пакманыг буулган авчээ.

 

Мэргэжлийн боксчны замналдаа 7 дахь удаагаа ялагдал хүлээж байгаа Пакъяо ч шүүгчдийн шийдвэртэй санал нийлсэн юм. Тэрбээр “Энэ бол шүүгчдийн гаргасан шийдвэр. Би үүнийг хүндэтгэж байна” гэж мэдэгдсэн юм.

 

Шинэхэн Дэлхийн аваргын энэ амжилт олон хүмүүсийг алмайруулсан нь гарцаагүй. Энэ жил 29 настай тэрбээр мэргэжлийн замналдаа нийт 18 тоглолт хийж 17 дахь ялалтаа авсан нь энэ.

 

Хорныг Австраличууд Хэдгэнэ (Hornet) гэдэг хочоор нь сайн мэднэ. Мэнни Пакъяог буулган авахаасаа өмнө тэрбээр Австралийн шигшээ багт багтан 2012 оны Олимпийн наадамд орсноор олон нийтэд танигдаж эхэлсэн байдаг. Лондон хотоос өндөр амжилт гаргалгүй буцсан тэрбээр 2013 оноос эхлэн мэргэжлийн замналаа нээжээ.

 

Төрөлх Бристбэйн хотынхоо Паллара ахлах сургуульд багш хийдэг Жэфф Хорн 11 жилийн өмнөөс эхлэн биеэ хамгаалах зорилготойгоор боксын сургалтад сууж эхэлжээ. Сонирхуулахад түүний сарын цалин 2000 Австралийн доллар гэнэ. Харин энэ тулаанд ялалт байгуулснаар 500 мянган Австрали долларын мөнгөн шагнал хүртжээ. 

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин