Сонирхолтой дээд амжилт
2017-07-05

 

Шайбтай хоккейн спортоор нэгэн сонирхолтой дээд амжилт тогтоогджээ. Энэ бол түүхэн дэх хамгийн урт тоглолтыг хийх оролдлого байсан юм. Энэхүү тоглолт АНУ-ын Баффало хотод өнгөрсөн 6-р сарын 22-ны өдрөөс эхэлсэн юм. Тоглолтыг тус хотын оршин суугч Майк Лесаковский эхнэр Эмигийн хамт санаачлан явуулсан бөгөөд дээд амжилт тогтоох багт нийт 40 тамирчин багтсан байсан юм.

 

Тэд өмнөх дээд амжилыг эвдэхийн тулд тасралтгүй 11 хоног хоккейн талбайд тоглох ёстой болсон байна. 40-50 насны энэ тамирчид нэг удаагийн оролдлогоор 4 цаг тасралтгүй тоглож, дараагийн тоглогчдоо шилжүүлж байсан бөгөөд ийм байдлаар нийт 54 удаа бүрэлдэхүүн солигдсон байна.

 

Энэхүү тоглолтын гол зорилго нь хорт хавдарын эсрэг санд хандив цуглуулах явдал байлаа. Улмаар зохион багуулагчид тоглолт болсон 11 хоногийн хугацаанд 1.2 сая долларын хандив цуглуулж өөрийн хотын Росвэлл Парк хорт хавдрын эсрэг төвд өгчээ.

 

Нийт 251 цаг үргэлжилсэн уг тоглолтыг Геннисийн номонд бүртгэн авсан юм. Өмнөх дээд амжилт 250 цаг 3 минут 20 секундын хугацаанд үргэлжилсэн бөгөөд тус тоглолт 2015 онд Канадын Алберта мужид болж байсан түүхтэй.    

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин