Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлав
2017-07-06

УИХ-ын чуулган хуралдаж байна. Чуулганаар 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн юм. Дараагаар нь 2017 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

 

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас урьдчилан санал авахад Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Байнгын хороодоос давхардсан тоогоор 78, Засгийн газраас 63, Монголбанкнаас 4, нийт 145 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлсэн байна.

 

Тогтоолын төслийг боловсруулахдаа хэлэлцэхийг нь хуулиар тусгайлан заасан төслүүд, мөн өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн төслүүд, түүнчлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай төслүүдийг тогтоолын төсөлд нэр зааж тусгах зарчим баримталжээ.  

 

Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр болж байгаа юм. Үүнд:

  1. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  2. Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  3. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  4. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
  5. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
  6. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
  7. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  10. Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
  11. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  12. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
  13. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  14. Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  15. Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  16. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  17. Бусад.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Гишүүн О.Баасанхүү намрын ээлжит чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх жагсаалтад яагаад оруулаагүй талаар асуусан бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх саналтай байгаагаа илэрхийлэв. Учир нь энэ удаагийн сонгууль гүтгэлэг, хар пиар их байна гэдгийг онцолсон. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл тусгай дэгээр хэлэлцэгддэг. Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцвэл чуулган тухайн хугацаанд өөр ямар ч асуудал хэлэлцэхгүй. Тиймээс тухайн үед нь шийдэх асуудал.

 

Сонгуулийн хууль агуулга талаасаа ямар ч утга учиргүй болж байна. Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай. Намрын чуулган эхлэхээс өмнө санал байгаа бол оруулж ирэхэд болно"  хэмээлээ.

 

Үүний дараагаар намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар уг тогтоолыг батлав. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин