Улаанбаатар
Д.Сандаг-Очир: Бага дэслэгч цол авчихаад баярлаж явсан үеэ мартдаггүй
2017-7-19

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монголын цагдаагийн байгууллагын түүхт 96 жилийн ой, “Цагдаагийн алба хаагчийн өдөр”-ийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан цагдаагийн алба хаагчдад  цол, шагнал гардуулах  ёслолын ажиллагаа боллоо.

 

ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр “Үе үеийн алба хаагчид болон тэдний гэр бүл үр хүүхдэд нь чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Монгол цагдаагийн үйлс арвин, сэтгэл гэгээн, мөр нь тунгалаг орших болтугай” хэмээлээ.

 

Хууль сахиулах салбарт үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг төрийн одон медалиар шагнав. Тухайлбал цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Төгс, цэргийн гавьяаны одонгоор ЦЕГ-ын зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхбат, ЦЕГ-ын зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Н.Лхагвасайхан  зэрэг 100 гаруй алба хаагч баярын өдрөөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар салбарын яамны шагнал болон Цагдаагийн ерөнхий газрын шагнал, цагдаагийн цол гардлаа.

 

 

 

 

 

Тэртээ 1921 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Ардын Засгийн газрын зургаадугаар хурлаар цагдан сэргийлэх байгууллагыг “Сэргийлэх цэрэг” нэрээр Цэргийн яамны харьяа дахин байгуулж, хуулийн биелэлтэд хяналт тавих, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн хэв журам хамгаалах зэрэг орчин үеийн цагдаагийн байгууллагын чиг үүргийг хүлээх болсон түүхтэй.

 

Монголын цагдаагийн байгууллагад тангараг өргөж, ард олныхоо амар амгалан амьдралын төлөө хүч хөдөлмөрөө зориулсан ахмад буурлууд, тэдний залгамж халаа болсон цагдаагийн нийт алба хаагчдад цагдаагийн байгууллагын түүхт ойн мэндийг дэвшүүлье.

 

 

 

 

Д.Сандаг-Очир: Бага дэслэгч цол авчихаад баярлаж явсан үеэ мартдаггүй

 

Ингээд Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 96 жилийн ойн босгон дээр Гавьяат хуульч болсон хошууч генерал Д.Сандаг-Очиртой ярилцсанаа хүргэж байна.

 

-Юуны өмнө Төрийн дээд шагнал авсанд баяр хүргэе.

 

-Улс орны аюулгүй байдал, түмэн олныхоо амар амгалангийн төлөө хөдөлмөр зүтгэлийг маань өндрөөр үнэлж Төрийн дээд шагнал Монгол Улсын Гавьяат хуульч цолоор энгэрийг минь мялаалаа. Өдий зэрэгт хүрэхэд намайг олон жил дэмжиж, нэг зорилготой хамтран зүтгэсэн Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнд гүн талархлаа илэрхийлж байна.

 

Цагдаагийн байгууллагын хамт олонтой миний ажил, амьдрал салшгүй холбоотой. Үе үеийн удирдлагууд, ахмад үеийнхэндээ чин сэтгэлээсээ баярлаж явдаг. Намайг шагнасан төрийн дээд шагнал нь Монгол төрийн цагдаагийн байгууллага, бие бүрэлдэхүүнд төрөөс үзүүлж буй их хүндэтгэл юм.

 

-Та энэ хүндтэй албанд анх хөл тавьж байсан үеийн дурсамжаа хуваалцана уу?

 

-Би анх арван хэдхэн настай байхдаа Монгол төрийн цагдаагийн босгыг алхаж, Улаанбаатар хотын Сэргийлэн хамгаалах горнизоны 1 дүгээр салаанд сэргийлэгчээр ажилласан. Миний салаа Элчин Сайдын Яам, Ус сувгийн газрын хамгаалалтанд гарч салааны дарга “Эх оронч” хошууч Х.Мадригийн удирдлага дор үүрэг гүйцэтгэдэг байлаа. Тухайн үед Найрамдлын районы Цагдан сэргийлэх 5 дугаар ангид хорооны цагдаагаар ажиллаж байгаад Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн цагдан сэргийлэхэд бага дэслэгч цолтойгоор эрүүгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллахаар очсон. Тэгэхэд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Дэмбэрэл цагдаа намайг гэртээ аваачиж, би тэдний гэр бүлийн нэг гишүүн шиг нь амьдарч байв. Тэр үеэс эхлэж, одоо ч гэсэн хүмүүсийн дунд байдаг “Дэмий шүү. Дэмбэрэл цагдаад хэлнэ шүү” гэх аман ярианы эзэн нь энэ хүн байсан юм.

 

-Энэ албанд зүтгэж байхад таны хувьд амаргүй үе хэзээ байсан бэ?

 

-Миний хувьд 1984 оноос УЦСЕГ-ын Эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах хэлтсийн даргаар ажилласан он жилүүдэд эрүүгийн нөхцөл байдал хүнд, ажил ачаалал ихтэй байсан шүү.

 

-Орон нутгийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад таны оролцоо их байсан байх?

 

НАХЯ, УЦСЕГ-ын удирдлагаас намайг сонгож Дорноговь аймаг дахь НАХГ-ын даргаар ажил сайжруулахаар томилсон. Тэр үед Намын хянан шалгах хорооноос тус аймаг дахь НАХГ-т болон Цагдан сэргийлэх хэлтсийн ажилд шалгалт хийж, байгууллагын ажил, удирдлага, бие бүрэлдэхүүнд ноцтой дутагдал байгааг заасан тогтоол гаргасан. Тиймээс энэ дутагдлыг арилгахаар НАХЯ-ны коллегийн үүрэг даалгавраар говь нутагт гурван жил ажиллаж, хамт олон маань ч үүргээ хангалттай биелүүлсэн.

 

 

-Та ЦЕГ-ын даргаар хэзээ томилогдож байсан бэ?

 

-Дорноговьд үдсэн гурван жилийн дараа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, ИБМУТ-ийн дарга, ЦЕГ-ын дэд даргаар ажилласан юм. Улмаар 2001 онд намайг ЦЕГ-ын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагчаар томилсон нь миний хувьд төрийн их хүндэтгэл боловч бас их хариуцлага оногдсон. Үүний дараа 2008 онд дахин энэ албанд томилогдсон. Үндсэндээ би ЦЕГ-ын даргын албыг хоёр удаа хашиж явсан, Монгол Улсын 124 дэх генерал болсон.

 

-Та Завхан нутагтаа цагдаагийн алба хашиж байсан уу?

 

-Тийм ээ. 1978 оноос Завхан аймгийн НАХ хэлтсийн орлогч, Цагдан сэргийлэх ангийн даргаар 1984 он хүртэл ажилласан. Гадаадад сургууль төгсөж, дараа нь ийн нутагтаа ажиллахад ээж минь их баярлаж байсан нь санаанаас гардаггүй юм. Аав минь бага балчир байхад бурханы оронд заларсан болохоор ажил, амьдрал тэгш явахын өлзийтэй ерөөлийн эхлэлийг ээж Д.Өлзийхүү маань тавьсан.

 

-Танд бахархал төрүүлж, гар нийлж ажилласан үе үеийн удирдлага, мэргэжил нэгтнүүдээ та дурсвал?

 

-Намайг хоёр удаа ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчаар ажиллаж байхад Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж ажиллаж, цагаагийн байгууллагын чиг үүрэг бүхий хууль, шударга ёс, боловсон хүчин, материаллаг баазыг бэхжүүлэхэд зохион байгуулалтын арга хэмжээг дэс дараатай авч, хэрэгжүүлж байсан. Мөн нэгэн үедээ цагдаагийн байгууллагыг удирдаж байсан С.Бүдрагчаа, А.Думбурай, С.Дамдинсүрэн, Б.Пүрэв нарын ахмад генералын удирдлага дор ажиллаж байснаараа би бахархдаг.

 

Түүнчлэн “хүн амины” хэмээн нэршсэн Гавьяат хуульч П.Дамдиндорж, хурандаа Ц.Жамьянсэнгээ, хурандаа Д.Чулуунбат, хурандаа О.Шагдарсүрэн, дэд хурандаа Ж.Цоолой нартай ажиллаж, тэднээс суралцаж, олон арван ноцтой гэмт хэргийн халуун мөрөөр орж байлаа.

 

Эргээд бодоход, цагдаагийн бага тушаалаас офицер болно гэдэг амаргүй том даваа байсан тэр үед “Бага дэслэгч” цол авчихаад баярлаж явсан тэр үеэ мартдаггүй юм.

 

-Одоогийнхоор бол ямар цол гэсэн үг вэ?

 

-Энэ цол одоо байхгүй. Гэхдээ тухайн үед “Хурандаагийн буурьтай ахлагч нар” гэдэг шиг хамгийн бахархалтай, залуу ажилтны цол байсан юм. Бага дэслэгч цолтой байхдаа ул мөр нь бүдгэрч баларсан олон арван хэргийн араас хөөцөлдөж явлаа. Ганц жишээ татахад, Зүүнхараагийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мал маллагч, Шинжаанаас хил зөрчиж ирээд нэг гэрт амьдарч байсан Нүхэйг хувийн сэдэлтээр хээрийн бэлчээрт амь насыг нь бүрэлгэж жалганд булснаа “алга болчихлоо” гэж сэргийлэхэд өөрөө ирж мэдэгдэн биднийг төөрөлдүүлэхийг оролдсон Яковын хэрэг зэрэг ээдрээтэй хэргүүдийг илрүүлэх ажлыг биечлэн хариуцаж байв.

 

-Та цагдаагаас гадна хуулийн салбарын бодлогын түвшинд ямар хүмүүстэй зүтгэж байв?

 

-Миний бие туршлагатай парламентчид, аливаад нухацтай ханддаг улстөрчид болох Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл нарыг УИХ-ын даргаар ажиллаж байх үед УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх, УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байлаа.

 

-Өөрийн ажил амьдралын туршлагаас үүдсэн захиас сургаалаас одоогийн алба хаагч нартаа онцлон захих зүйл гэвэл юу байх вэ?

 

-Цагдан сэргийлэх Нэгдүгээр ангийн анхны цагдаа нарын нэг Ж.Бавуу гуайн хүү, Ардын уран зохиолч Лхагвасүрэн “Хүн, төр хоёртоо эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэнэ” гэсэн мэргэн үг байдаг. Үүнийг манай залуу үеийнхэн санаж явах хэрэгтэй. Залуу удирдах ажилтан нартаа хэлэхэд нэг удирдлагатай, нэг зорилготой, нэг шугаманд ажиллаж чаддаг тийм хамт олны ажил үйлс өөдрөг байдаг. Тухайлбал хүмүүстэй харилцах, хамтрах, ажил үйлс бүтээхэд бие биедээ сэтгэлийн урам хайрлах, итгэл хүлээлгэх нь чухал байдаг. Сайхан сэтгэл гэдэг амьдралыг таньсан хүний хүчирхэг хандлага юм. Би үүнийг ажил амьдралаасаа илүүтэй ойлгож мэдсэн.

 

-ЦЕГ-ын даргаар ажиллаж байхад “Монгол цагдаа” цогцолборыг бүтээсэн. Одоо цагдаагийн алба хаагч нарын үйл ажиллагаа зохион байгуулдаг талбар болжээ?

 

-Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан “Монгол цагдаа-ёслол хүндэтгэлийн цогцолбор” байгуулах санаачлагыг дэмжсэнээр “Монгол цагдаа” цогцолбор нь зөвхөн Монголын цагдаагийн байгууллагын сүр хүч, хийморь зоригийг үеийн үед бадраах, ёслол хүндэтгэлийн бэлгэ тэмдэг болсон. Цогцолбор босгох ажлын хүндийг ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүн, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Энх-Амгалан, Замын цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Х.Энхжаргал, Нийслэлийн цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа С.Баатаржав, ЦЕГ нараар удирдуулсан ажлын хэсэг нугалж, шуурхай ажиллаж 38 хоногийн хугацаанд амжилттай дуусгасан.

 

-Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулийн талаар та ямар бодолтой байна вэ?

 

Шинэ хуулийн талаар цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой олон эрхзүйн зохицуулалт тусгасан сайн хууль болсон гэж бодож байна. Тухайлбал, цагдаагийн алба хаагч иргэнд яаж шаардлаг тавих, бичиг баримтыг хэрхэх, жагсаал цуглааныг албадан тараах гэх мэт зохицуулалтуудын үндэслэл, журмыг зааж өгсөн бий. Мөн цагдаагийн алба хаагч иргэнд яаж шаардлага тавих, бичиг баримтыг хэрхэн үзэж шалгах, тээврийн хэрэгслийг шалгахдаа хэрхэх, жагсаал цуглааныг албадан тараах гэх мэт зохицуулалтуудын үндэслэл журмыг нарийвчлан хуульчилснаараа давуу талтай. Цагдаагийн алба хаагчийн нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг урьд өмнөх хуулиудаас илүү сайн тусгаснаараа онцлогтой болсон.

 

Өнөөдөр цагдаагийн байгууллагын хамт олон ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын төлөө л бүхий л чадлаараа ажиллаж ирсэн 96 жилийн түүхт ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд цагдаагийн алба хаагчид албандаа хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж ирсэн түүхэн гавьяатай. Тиймээс албандаа үнэнч зүтгэж ирсэн нийт бие бүрэлдэхүүн, ахмад үеийнхнээрээ бахархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд түүхт ойн мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
элбэгдорж энэ хүнийг цолоо хураалга пизда минь гээд орилоод байсан санагдаж байна. одоо элбэгдоржийг юу гэж бодож явдаг юм болдоо
2017-07-20
Зочин:
tsagdaa nariig sain chaglahgui bol oorsdoo gemt heregtei holbogddog llruud shde jooohon huuhed deerlhej arhi avhuulad hol gazaraas alhuulsn bsn sapporo deer bdag tsagdaa nertei huvsanii gol
2017-07-19
irgen:
tegeed shalguulahgui yu hissen um be, hudlaa yarihaas oor yu baina, barimttai um bol hariuzlagiig ni toozno shdee