Скаутуудын майхант зуслан зохион байгуулагдана
2017-07-21

Гэрэл зургийг mpa.mn

 

Монголын Скаутын Холбоо Ази Номхон Далайн Бүсийн 31 дүгээр Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант зусланг энэ сарын 27-ноос эхлэн 7 хоногийн турш зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Тус Жембори нь “Нүүдэлчдийн зүг” гэсэн уриатайгаар нүүдэлчин ахуй соёлоо дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдах юм байна.

 

Энэ талаар Монголын скаутын холбооны Ерөнхийлөгч Л.Байгалмаа "Жембори гэдэг нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг 11-17 насны хүүхэд залуучуудын майхантай, өөрсдөө хоол хийж иддэг чуулга уулзалт юм. Жембори нь хүүхдүүдийг байгаль дэлхийтэй ойр байлгаж, хайрлаж хамгаалах, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Мөн энэхүү арга хэмжээ нь Монголд анх удаа болж байгаа хамгийн олон хүүхэд, залуучуудыг хамруулсан цугларалт гэдгээрээ онцлог юм" гэв.

 

Арга хэмжээний хүрээнд:

 

  • “Нүүдэлчдийн соёл цогцолбор”

 

 /Монгол ахуй, нүүдэлчдийн соёл, уламжлалтай, танилцах өртөөнүүд/

 

  • “Адал явдалт цогцолбор”

 

 /Төрөл бүрийн авхаалж самбаа, эр зориг, багийн ажиллагаа шаардсан өртөөнүүд/

 

  • “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор” 

 

/Шинжлэх ухааны туршилтууд, танин мэдэхүйн сонирхолтой өртөөнүүд/

 

  • “Браунси арал цогцолбор” 

 

/Скаутын төрөл бүрийн ур чадваруудыг олгох, шинээр суралцах, хөгжих өртөөнүүд

 

  • “Нийгмийн хөгжлийн хотхон цогцолбор” 

 

/Амьдрах арга ухаанд хэрэгтэй, дэлхийн иргэний хувьд нийгмийн асуудлуудад анхаарал хандуулах мэдээллийг багтаасан өртөөнүүд/

 

  • “Чөлөөт цагийн цогцолбор” 

 

/Төрөл бүрийн спортын болонхөгжөөнт тоглоомууд, шинэ дуу, бүжиг сурах өртөөнүүд / гэсэн 6 цогцолбортой.

 

  • Ази-Номхон далайн бүсийн орнууд,

 

  • Европ, Америк тивийн нийт 40 орны 1,500 скаут,

 

  • Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 4,000 гаруй скаут,

 

  • Сайн дурын 1,500 гаруй удирдагч,

 

  • Нийт 7,000 хүүхэд залуучууд цуглана.

 

Оролцогч хүүхдүүд тив тивээс ирсэн үе тэнгийнхэнтэйгээ нэг хотхонд байрлаж 10 хүүхэд нэг салаанд хуваагдаж, сонирхолтой байдлаар 7 хоногийг өнгөрүүлэх юм байна.

 

Ц.Тэнгисболд

Shuud.mn
Сонин хачин