Сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг мэдэгдэв
2017-07-26

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуулийн зардлын тайлангийн асуудлаар Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн  дарга  нарт тус тус хандаж  албан тоот илгээв.

 

Түүгээр, Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь  хэсэгт “Нам... нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд энэ хугацаа нь МАХН-ын нэр дэвшигчийн хувьд энэ оны 7 дугаар сарын 26-ны өдрөөр, МАХН-ын  хувьд 8 дугаар сарын 10-ны өдрөөр дуусаж байгаа билээ.

 

 Харин хуульд заасан энэ хугацаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцсон Монгол Ардын Нам, Ардчилсан Намын нэр дэвшигчийн хувьд 8 дугаар сарын 06-ны өдрөөр, эдгээр намын хувьд 8 дугаар сарын 21-ний өдрөөр тус тус дуусахаар байна. Иймд  дээрх хуулийн хугацаанд нам, нэр дэвшигчид сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг  СЕХ-ны албан тоотоор мэдэгджээ.

 

Мөн албан тоотоор, дээрх хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт ”Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам,..., нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” гэж заасныг анхааралдаа авч, ажлаа зохион байгуулахыг хүссэн байна гэж СЕХ-оос мэдээлэв

Shuud.mn
Сонин хачин