АНУ-ын элчингийнхэн Орос дахь зуслангаасаа нүүжээ
2017-08-02

АНУ-ын Конгресс энэ долоо хоногийн эхээр ОХУ, Хойд Солонгос болон Ираны эсрэг хориг арга хэмжээ авахыг дэмжсэн билээ. Дээр дурьдагдсан улсуудад хориг арга хэмжээ авахаар болсон талаар албаныхан мэдэгдсэний дараахан Москва дургүйцлээ илэрхийлэн “Энэ удаад бид ч хариу арга хэмжээ авах болно” хэмээн мэдэгдсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Конгрессийн баталсан хоригийн дараахан Орост ажиллаж буй АНУ дипломатчдын тоог бууруулахаар болсноо мэдэгдсэн.

 

 

Орост, Америкийн 1267 дипломатч бий бөгөөд тэдний 755 дипломатчийг нутаг буцаах зарлигт Путин гарын үсэг зурсан аж. Оросын 455 дипломатч АНУ-д байдаг юм. “Ирэх сарын 1-нээс өмнө хоёр улсад байх дипломатчдын тоог тэнцүүлэхээр болсон” талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн билээ.

 

 

Тэгвэл Путины шийдвэрийн дараа АНУ-ын Элчингийн газар ОХУ-ын Серебряный Бор дахь зуслангаасаа эд зүйлсээ нүүлгэсэн талаар “www.vedomosti.ru” сайт мэдээллээ. Орон нутгийн хэвлэлийнхэн “АНУ-ын элчингийн ажилчид эд зүйлсээ гурван ачааны машин, нэг жип машин, нэг такси, нэг микроавтобусанд тээвэрлэж, зуслангийн байрыг чөлөөлсөн” гэж мэдээлсэн байна.

 

 

Элчингийн ажилчид зуслангийн байрыг чөлөөлж буй нь Ерөнхийлөгч Путин америкчуудыг Серебряный Бор дахь зуслан, Дорожной гудамжин дахь агуулахын байрыг ашиглах эрхийг хураасантай холбоотой юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин