Тойргийн хаалтын тоглолт 19:00 цагаас эхэлнэ
2017-08-02

 

Монголын Хөлбөмбөгийн Холбооны “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 10-р тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдээр болж өнгөрсөн билээ. Нийт 4 тоглолт болсноос хүснэгтийг тэргүүлэгч гурван баг гурвуулаа ялалт авсан. Харин хүснэгтийн дөрөвдүгээр байранд одоогийн байдлаар бичигдэж байгаа Эрдэнэтийн Хангарьд клуб өнөөдөр тойргийн хаалтыг хийж тоглоно. Тэд өнөөдөр нэгдүгээр тойрогтоо 0:0-ээр тэнцсэн “Дэрэн” клубтэй тоглох юм.  Хоёр багт аль алинд нь хожлын гурван оноо л хэрэгтэй байгаа. Хангарьд лигийг тэргүүлэгчдээс оноо холдохгүйн төлөө буюу онооны заагийг 6 болгохын төлөө тоглох бол, Дэрэн клуб харин өнөөдөр хожиж гэмээнэ Хангарьдад 3 оноогоор ойртох боломжтой тоглолт юм.

 

Өнөөдрийн тулаанаас өмнө мэдүүштэй тоо баримт гэвэл тус лигийн хүрээнд хоёр баг өмнө нь таван удаа таарч тоглосон. Үүнээс Хангарьд клуб дөрөв хожиж байсан юм. Гэхдээ энэ бол өмнөх жилүүдэд болсон үйл явдал. Харин энэ оны эхний тойрогт учраа тааран тоглоход дээр дурьдсанчлан тэнцээ авч чадсан нь Дэрэнг энэ жилийн хувьд тийм ч зөөлөн боорцог биш гэдгийг илтгэнэ. Гэхдээ Хангарьд клубын довтолгооны бүрэлдэхүүн лигийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор ордог учраас Дэрэнгийн хамгаалалтын шугам өнөөдөр завгүй байх бололтой. Дэрэнгийн хамгаалалтын шугамыг Монгол Улсын залуучуудын шигшээ багийн хамгаалагчид бүрдүүлдэг юм.

 

Тоглолт өнөө орой 19:00 цагаас шүүгч шүглээ үлээснээр МХБХ-ы ногоон талбайд эхэлнэ.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин