Цөлжилт бол анхаарал татсан сэдэв
2017-08-03

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Аль-Фадлиг өнөөдөр хүлээн авч уулзав.

 

Уулзалтын эхэнд Элчин сайд Халед Аль-Фадли Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах захидал илгээснийг дурдаад  уг захидалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс илгээсэн хариуг Кувейт Улсын Засгийн газарт уламжилснаа мэдэгдлээ.

 

Мөн Кувейт Улсын Үе залгамжлагч хунтайж Наваф Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах, Ерөнхий сайд Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабах нараас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ирүүлсэн мэндчилгээг гардуулан өгөв.

 

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэсэн мэндчилгээнүүдэд хариу талархал илэрхийлээд хоёр орны хооронд 1975 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа, хамтын ажиллагаа өргөн хүрээнд явж ирснийг тэмдэглэв. Мөн Улаанбаатар хотод замын түгжрэл, утаа, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлууд байдгийг дурдаад үүнийг хот төлөвлөлтийг сайжруулах, шинэ дагуул хот барих зэрэг аргаар шийдвэрлэж болохыг дурдаж байлаа.

 

Элчин сайд Халед Аль-Фадли хоёр талын улс төрийн харилцаа өндөр дээд түвшинд хөгжиж ирснийг Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах өндрөөр үнэлдгийг тэмдэглээд эдийн засгийн харилцаа ч өргөжин хөгжих боломжтой хэмээв.

 

Олон жилийн өмнө Кувейтийн талаас Монгол Улсын парламентын ордныг шинээр барихад зориулж 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсны чиглэлийг өөрчилж, найман сая ам.долларыг эрүүл мэндийн салбарт, 4 сая ам.долларыг Монгол Улсад чухал хэрэгтэй хүссэн салбарт нь зарцуулахаар болсныг Элчин сайд дурдаж байлаа.

 

Кувейтийн тал, Кувейтийн сангаас Монгол Улсын эрүүл мэнд, авто зам зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийж ирснийг мөн дурдав.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн дагуул шинэ хот байгуулах тухай саналыг Элчин сайд дэмжиж, аль нэг төсөл хөтөлбөрт Кувейтийн тал, Кувейтийн сангийн зүгээс оролцож, хамтран ажиллахад таатай байх болно гэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол оронд цөлжилт нүүрлэх аюул байгаа тул цөлжилтийг саармагжуулах, ойжуулах, зүлэгжүүлэх тал дээр Кувейт Улсын туршлагаас судалж хэрэгжүүлэх боломжтой гэж байв.

 

Элчин сайд Халед Аль-Фадли цөлжилт бол анхаарал татсан сэдэв гэдгийг онцлоод энэ талаар дараа дараагийн ажил хэрэгч уулзалтууд дээр ярилцах боломжтой гэлээ.

 


 

Shuud.mn
Сонин хачин