Марк Маркес Чехийн Гранприд түрүүллээ
2017-08-08

 

Мотоциклийн тэргүүн ангиллын уралдаан МотоЖП-н ДАШТ-ий Чехийн Гранпри боллоо. Нийт 15 эргэлттэй 5.4 км урттай Брно авто тойруулгад болсон уг уралдаанд Репсол Хонда багийнхан өндөр амжилт үзүүлсэн байна.

 

Тус багаас Дэлхийн 3 удаагийн аварга Испани нисгэгч Марк Маркес ялалт байгуулсан бөгөөд улирлын 3 дахь ялалтаа авсан нь энэ байлаа. Харин уралдааны дэд байрыг түүний багийн хамтрагч Испанийн Дани Педроса эзэлсэн бол III байранд Яамаха багийн гишүүн Маверик Виналес орж энэ жил 5 дахь удаагаа шагналын тавцан дээр гарчээ. Тэгвэл Итали домог Валентино Росси IV, Их Британийн Кал Крачлов V байрыг эзэлж, Чехийн Гранпригээс өндөр оноо авчээ.

 

ДАШТ-ий эхний 10 Гранприг Марк Маркес (Испани) 154 оноотой тэмцээнийг тэргүүлж байна. Харин араас нь Маверик Виналес (Испани) 140, Андреа Довизиосо (Итали) 133 оноотой жагсаж байна.

 

Дараагийн Гранпри энэ сарын 13-ны өдөр Австрийн Шпильберг хотод байрлах Рэдбулл ринг авто тойруулгад болно.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин