Чанаргүй зээлийн хэмжээ 1.1 их наяд төгрөгт хүрчээ
2017-08-15

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн долоодугаар сарын байдлаарх мэдээллийг танилцууллаа.

 

Ажилгүй иргэдийн тоо буурчээ

 

Ажиллах хүчний судалгааны дүнгээр 2017 оны 2 дугаар улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 131.8 мянга болж, 77.2 (58.6%) мянга нь эрэгтэйчүүд, 54.6 (41.4%) мянга нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2017 оны 2 дугаар улиралд 9.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр буурч, өмнөх улирлаас 0.5 пунктээр өссөн байна.

 

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 7 дугаар сарын эцэст 37.5 мянга болж, 27.1 (72.3%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.4 (27.7%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

 

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.9 (29.2%) мянга нь Улаанбаатарт, 5.7 (20.9%) мянга нь Төвийн бүсэд, 5.3 (19.7%) мянга нь Хангайн бүсэд, 5.0 (18.5%) мянга нь Баруун бүсэд, 3.2 (11.7%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна

 

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.2 хувийг бүрэн дунд, 30.3 хувийг дипломын болон бакалаврын дээд, 7.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.5 хувийг суурь, 5.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.4 хувийг магистр болон түүнээс дээш боловсролтой иргэд, мөн үүнтэй адил хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 59.1 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Архангай, Орхон, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Дундговь, Увс, Говь-Алтай, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай аймагт улсын дунджаас 1.0-23.6 пунктээр илүү байна.

 

Өрхийн сарын дундаж орлого өсөв

 

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 926.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 52.0 (6.0%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 5.9 (7.9%) мянган төгрөгөөр буурсан хэдий ч цалин хөлсний орлого 23.3 (4.8%) мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 23.9 (14.9%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2017 оны 2 дугаар улиралд 896.8 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.4 (2.6%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны 2 дугаар улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 53.1 (5.6%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад  зарлага 45.3 (6.4%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Нийгмийн даатгалын сангийн орлого 231.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэв

 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний 7 сард 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 231.6 (24.1%) тэрбум төгрөг, зарлага 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 118.1 (12.2%) тэрбум төгрөгөөр өслөө.

 

Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний 7 сард өмнөх оны мөн үеэс 231.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 151.2 (22.0%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 45.4 (29.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2017 оны эхний 7 сард өмнөх оны мөн үеэс 118.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 85.7 (11.4%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 19.0 (14.7%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

 

Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны 7 дугаар сард 173.9 тэрбум төгрөг, зарлага 166.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 24.9 (12.5%) тэрбум төгрөгөөр буурч, зарлага 8.3 (5.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

 

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2017 оны эхний 7 сард 219.0 мянган хүнд 88.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 10.4 (5.0%) мянгаар, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 3.8 (4.5%) тэрбум төгрөгөөр өсжээ.

 

Чанаргүй зээлийн хэмжээ 1.1 их наяд төгрөгт  хүрчээ

 

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2017 оны 7 дугаар сарын эцэст 14.0 их наяд төгрөг  болж, өмнөх сараас 500.6 (3.7%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 2.7 (23.7%)  их наяд төгрөгөөр өсжээ.

 

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 7 дугаар  сарын эцэст 13.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 134.9 (1.0%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн  үеэс 933.4 (7.7%) тэрбум төгрөгөөр өсжээ.

 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 7 дугаар сарын эцэст 892.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 95.1 (11.9%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 55.3 (6.6%) тэрбум төгрөгөөр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.8 хувийг эзэлж, өмнөх сараас 0.6 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурчээ. 

 

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2017 оны 7 дугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж,  өмнөх сараас 17.4 (1.5%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 120.1 (11.7%) тэрбум төгрөгөөр өссөн  байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 хувийг эзэлж, өмнөх сараас өөрчлөлтгүй,  харин өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр өссөн байна.

 

Татварын орлого 26.4 тэрбум төгрөгөөр өсөв

 

Татварын нийт орлого 3.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 701.5 (26.4%) тэрбум төгрөгөөр  өсөхөд онцгой албан татварын орлого 88.0 (26.4%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч нэмэгдсэн  өртгийн албан татвар 260.4 (43.7%) тэрбум төгрөг, орлогын албан татвар 305.1 (52.9%) тэрбум  төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 48.0 (17.1%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны  орлого 103.2 (64.2%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 63.9 (9.9%) тэрбум төгрөгөөр  өссөн нь голлон нөлөөлсөн байна.  Улсын нэгдсэн төсвийн орлогын 78.7 хувийг татварын орлого, 12.6 хувийг татварын бус орлого, 5.1 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 3.7 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
Ажилгүй иргэдийн тоо буурлаа,өрхийн сарын дундаж орлого өслөө,гэдэг чинь шал худлаа мэдээлэл байна.Хүүхдийн төрөлтийн тоо буурсан,гадаадад ажиллах иргэдийн тоо өссөн,өргөн хэрэглээний барааны үнэ өссөн,таваас долоон татвар шинээр нэмэгдсэн,цалин тэтгэвэр нэмэгдээгүй байхад жаахан багцаатай юм бичиж байгаач,наад цаасан дээр ирүүлсэн материалууд чинь ноотой шүү? социализмын үеийн тайлангаар ажиллахаа бойлооч,баримт нотолгоотой бичиж байгаач.
2017-08-15