Гурван өдрийн доторх гурван террорист халдлага
2017-08-21

Испаниас гадна хоёр ч улсад террорист халдлага боллоо. Энэ талаар “TASS” болон “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Дэлхийн томоохон гүрнүүдэд ээлж дараалан террорист халдлага болж олон улсыг цочирдуулаад байна. Испанийн Барселон хотноо өнгөрөгч долоо хоногт эхний террорист халдлага болсон билээ.

 

Европын томоохон хотуутад өнгөрсөн оноос хойш террорист халдлага болж, олон хүн ямар ч шалтгаангүйгээр амиа алдлаа. Тэгвэл Барселон хотноо болсон халдлагаар 14 хүн амиа алдаж, 130 орчим хүн гэмтжээ. Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй зарим хохирогчдын биеийн байдал тааруухан байгаа гэнэ.  Жуулчдын саруудад Барселон хотноо халдлага болсон нь тус улсад ихээхэн хүнд цохилт өгсөн гэхэд болно. Шархагсдын дунд жуулчид байгаа юм. Террористууд жуулчдыг гол байгаа болгох зорилгоор Барселон хотын жуулчдын гудамж гэгдэх Ла Рамблад халдлага үйлдсэн билээ. Цагаан өнгийн фургон машин иргэдийг дайрсан юм. Уг машинд гурван этгээд байсан бөгөөд цагдаагийнхан хоёр этгээдийг амжилттай баривчилсан байна.

 

Харин халдлагыг биечлэн гүйцэтгэсэн, уг машины жолооч буудалцааны үеэр хэргийн газраас зугтаажээ.  Шалгалтаар уг машины эзэн Мароккогоос гаралтай Юнес Абуяакуб болохыг тогтоосон бөгөөд түүнийг цагдаагийнхан орон даяар эрэн сурвалжиж байна.  Гол сэжигтэн этгээд фэйсбүүк хуудастаа “Бидний барих гэнэтийн бэлэг” гэж бичжээ. Цагдаагийнхан уг өгүүлбэрийг “Халдлагын өмнөх анхааруулга” хэмээн мэдэгдэж байна.

 

Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл Барселон хотноо болсон халдлагын захиалсан тухайгаа өөрсдийн “Амак” гэх мэдээллийн агентлагаараа мэдээлэв. Испанийн Ерөнхий сайд Мариано “Террорист халдлага үйлдсэн этгээдүүдийг шударга шүүхийн өмнө авчрах болно” хэмээн мэдэгдээд, орон даяар гашуудал зарласан юм.  Террористууд Барселон хотоос гадна Камбрилс хотноо халдах гэж байжээ. Цагдаагийнхан шуурхай ажиллаж дөрвөн террористыг устгасан билээ.  Энэхүү үйл явдлаас нэг өдрийн өмнө Алканар хотноо дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтийн улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн бэртсэн билээ. Цагдаагийнхан хэргийн газраас пропан болон бутаны хийтэй баллонуудыг олсон аж. Энэхүү хэрэг Исламын улсын захиалга байж магадгүй хэмээн эрх баригчид үзэж байна.

 

Европын томоохон орнуудад автомашинаар үйлдэгдсэн террорист халдлагууд ар араасаа гарч буй. Зул сараас Берлин хотноо ачааны машинтай нэг этгээд иргэдийг дайрсан энэхүү хэргээс удалгүй Лондонгийн гүүрэн дээр мөн нэг этгээд иргэдийг дайрсан билээ. Эрх баригчид улс орныхоо хамгаалалтын нэмэгдүүлж байгаа боловч дүрвэгсэд нэрийн дор эх оронд нь олон мянган террористууд нэвтрээд буй юм. Тэднийг таних нь хамгийн том бэрхшээл болоод байна.

 

Испаничууд уй гашуудаа автаж байхад мөн Финланд улсад террорист халдлага энэ амралтын өдөр гарлаа. Финландын Турку хотноо хүйтэн мэсээр зэвсэглэсэн нэг этгээд иргэд рүү дайрч, улмаар хоёр хүний аминд хүрчээ. Мөн зургаан хүн гэмтэл авчээ. Цагдаагийнхан гэмт этгээдийн нэг хөл рүү буудаж, амьдаар нь баривчилсан байна.

 

Уг үйл явдал террорист халдлага уу эсвэл хэн нэгэн өс хонзонгийн сэдлээр иргэд рүү халдсан уу гэдгийг цагдаагийнхан тодруулахаар ажиллаж байна.  Гэхдээ эрх баригчид энэхүү хэргийн ард “Исламын улс бүлэглэл байж болзошгүй” гэж мэдэгдэв.

 

Турку хотын халдлагаас хэдхэн цагийн дараа ОХУ-д мөн ижил халдлага болжээ.

 

ОХУ-ын нийслэл Москва хотноо 2100 км-ийн цаана байрлах Сургут хотноо нэг этгээд долоон хүнийг хутгалсан байна. Халдлагын дараахан Исламын улс бүлэглэл мөн Сургут хотноо болсон халдлагын хариуцлагыг хүлээсэн байна. Гэхдээ цагдаагийнхан уг хэргийг террорист халдлага биш хэмээн мэдэгджээ.

 

Жилийн өмнө Санкт-Петербург хотын метронд халдлага болж, 15 хүн амиа алдсан билээ. Халдлагын хариуцлагыг алан хядах “Аль Кайди” бүлэглэл холбоотой зэвсэгт бүлэглэл үйлдсэн болохыг илрүүлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин