Отт Танак ДАШТ-ээс 2 дахь түрүүгээ авлаа
2017-08-21

 

Раллигийн ДАШТ-ий Германы гараа өнгөрсөн ням гарагт өндөрлөлөө. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн тус ралли нь Дэлхийн аваргын хуваарьт багтсан 10 дахь ралли байсан юм. Оролцогч тамирчин нийт 310 орчим км урттай засмал замын уралдааныг хийсэн байна.

 

Тэгвэл энэхүү уралдааны ялагчаар Эм Спорт багийн Эстони нисгэгч Отт Танак тодорсон байна. Энэ жил Их Британийн багийн нэрийн өмнөөс замд гарч, Форд Фиеста загварын машинаар уралдаж байгаа тэрбээр 2 цаг 57 минут 31.7 секундын амжилтыг үзүүлсэн бөгөөд замналын 2 дахь ялалтаа авсан байна. 29 наста Эстони эр энэ жил мөн Италийн раллигийн ялагчаар тодорч шуугиан тариад байсан билээ. Харин уг уралдааны дэд байранд Ситройн багийн Норвеги нисгэгч Андреас Миккельсен орсон бол Дэлхийн 4 удаагийн аварга Франц нисгэгч Себастьен Ожье 3-р байрыг эзэлжээ.

 

Германы раллид оролцогчдын дундаас түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан Бельгийн Тьерри Нэвилл  азгүйтсэн. Тэрбээр 10 дахь шатны уралдааны үеэр машинд нь гэмтэл гарсан учраас раллиг орхисон байна. Улмаар Францын Себастьен Ожье нийлбэр 177 оноотой болж ДАШТ-ийг тэргүүлж эхэлжээ. Тэмцээн өндөрлөхөд ердөө 3 уралдаан үлдээд байна. Дараагийн ралли 10-р сарын 6-8-ны өдрүүдэд Испани улсад болох хуваарьтай байна.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин