Нийслэлийн төсвөөс 3 сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бүрдүүлж байна
2017-08-22

Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн "Шавь" цогцолбор сургууль гэсэн ерөнхий боловсролын 3 сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бий болгон, тохижилтын ажил хийж байна. Нийслэлийн төсвөөс 3 сургууль тус бүр 100 сая төгрөгийн тохижилтын ажил хийгдэж, ирэх сарын 1-ний өмнө бэлэн болохоор төлөвлөж байна.

 

 

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлэхдээ "Одоо тохижуулж байгаа 3 сургуулийг эс тооцвол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин бүрдүүлсэн ердийн сургууль байхгүй. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ талаар тусгаж, энэ оны нийслэлийн төсөвт 300 сая төгрөг тусгасан. 16 дугаар сургуулийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй 17 хүүхэд бий. Үүнээс гадна энэ хавийн сургуульд суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энэ сургуульд суралцах боломжтой болж байна" гэсэн юм.

 

16 дугаар сургуулийн үүдний довжоог сунгаж, налуу болгон, тэргэнцэртэй хүүхэд орох боломж бий болсон байна. Мөн хаалгыг томосгож, ариун цэврийн өрөөнүүдийг тэргэнцэртэй хүүхэд ашиглаж болохоор тохижуулж, сургуульд хүүхэд хөгжлийн өрөөг шинээр бий болгосон зэрэг тохижилтыг хийжээ.

Shuud.mn
Сонин хачин