Их Дуулгыг өнжих дараагийн тамирчин
2017-08-24

Өнгөрсөн улирал Уимблдоны шигшээ тоглолт хүртэл явж чадсан Милош Раонич энэ жилийн Нэгдсэн улсын нээлттэй тэмцээнийг өнжихөөр боллоо. Эмэгтэйчүүдийн ангилалд Азаренка өнжихөөр болсны дараа зарлаж байгаа дэлхийн шилдэгүүдийн нэг нь ийнхүү Раонич болж байна.

 

 

Дэлхийн чансааны 11т эрэмбэлэгдсэн байдаг Канад залуугийн хувьд өөрийнхөө инстаграм хуудсаар дамжуулж энэ талаараа хөгжөөн дэмжигчиддээ хэлжээ. Тэрээр зүүн бугуйндаа хагалгаа хийлгэх шаардлагатай болсон байна.

 

Раонич “Бугуйны хэд хэдэн яс, түүнд мэдрэгдэж байгаа зовиураас болоод би хэвийн биш байна” гэсэн юм.

 

Нэгдсэн улсын нээлттэй тэмцээн ирэх даваа гаригаас эхлэх хуваарьтай байгаа. Эрэгтэй шилдэг теннисчдийн тухайд түүнээс гадна их дуулгын 12 удаагийн аварга Новак Жокович, 2016 оны Нэгдсэн Улсын нээлттэй тэмцээний аварга Стэн Вавринка, 2014 онд аваргын төлөө тоглож байсан Кэй Нишикори нар гэмтлийн улмаас тус тэмцээнийг өнжихөөр болоод байна.

 

Харин эмэгтэйчүүдээс 23 удаагийн их дуулгын аварга Серена Уиллиамс жирэмсэн, 2 удаагийн Австралийн нээлттэй тэмцээний аварга Азаренка ар гэрт тохиолдсон асуудал зэрэг шалтгаануудаас болж тус их дуулгыг өнжихөөр болоод байгаа билээ.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин