Нугараач охиныг зодож гэмтээсэн багш шүүгдэнэ
2012-01-12

Уран нугараач охиныг зодсон багш Г.Энх-Амгаланд холбогдох эрүүгийн хэргийг   өнөөдөр  Хан-Уул дүүргийн шүүхэд 10.00 хэлэлцэнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, бусдын биед хүнд гэмтэл учруулсан, 100.1-т зааснаар байнга зодож тарчлаасан гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Түүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон, өнгөрсөн сарын эхээр Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгэх аж. Хуралд шүүгчээр Х.Нарантуяа, улсын яллагчаар О.Гэрэл нар оролцох юм байна. Уг хэргийн талаар эргэн сануулахад, ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч явсан байна. Тэрбээр 13 настай нугараач охиныг амралтгүй 10 гаруй цаг хичээллүүлж, төмрөөр гуя шилбэ рүү нь цохин, хоолыг нь сойдог байсан тухай ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Уг гомдлын дагуу шалгаж үзээд түүнд Эрүүгийн хуулийн 181.3 буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, хүний биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Үүнийг нь хохирогч тал ч нотолж байгаа бөгөөд тухайн үед охины хөл шарх сорвитой болж, нуруунд нь хөхрөлт үүссэн байжээ.
Shuud.mn
Сонин хачин