Усман Дембелег Барселона авахад ойрхон байна
2017-08-25

 

Барселона клуб довтлогч Усман Дембелег авах тохиролцоонд хүрэхэд ойрхон байна. Боруссиа Дортмунд багийн од довтлогчийг Барселона клуб 150 сая еврогоор авах гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Барселона клуб эхлээд 120 сая еврог санал болгожээ. Үүн дээрээ 30 саяын бонус төлбөр болгож өгөхөөр шийдсэн байна. Хэдий тийм боловч Германы багийн удирдлагууд юуг ч албан ёсоор баталгаажаагүй байгаа гэж мэдэгдэв. Тэд аваргуудын лигийн хэсгийн сугалааны дараа шийднэ гэсэн байр суурьтай байсан билээ.

 

Тэгвэл өчигдөр аваргуудын лигийн сугалаа болж багууд ямар хэсэгт аль аль багуудтай тоглох нь тодорхой болсон. Боруссиа Дортмунд хэсэгтээ Реал Мадрид, Тоттэнхэм гэсэн хүчтэй багуудтай учраа таарсан байгаа.

 

Амласан ёсоороо энэ наймааны талаар сугалааны дараа шийдээ хэлэх ёстой байсан ч тэгсэнгүй. Багийн удирдлагууд “ Шийдвэр гаргахад их ойрхон байна. Гэхдээ одоохондоо юу ч тодорхойгүй байгаа. Энэ долоо хоногийн сүүлээр тодорхой болчихвол хэн хэндээ сайн л байна” гэсэн мэдэгдэл хийлээ.

 

Барселона клуб Усман Дембелег 5 жилийн гэрээгээр авчихлаа гэсэн яриаг гаргахтай зэрэгцэн Дортмунд эрс эсэргүүцсэн байр сууринаас хандаж байгаа юм. Гэхдээ орон нутгийн цагаар Баасан гариг гэхэд асуудлыг шийднэ гэсэн юм.

 

Өмнө нь 100 саяыг санал болгоход Германы баг татгалзаж байлаа. Гэхдээ тэд 140 сая орчмоор зарах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. Мөнгөн дүнгийн тухайд ямартай ч талууд тохиролцоод байна.

 

Б. Энх- Амгалан

Shuud.mn
Сонин хачин